Монгол мах экспортлогч бус мал нийлүүлэгч орон болох уу
2019-06-11

Хилээр амьд мал гаргах, экпортлох асуудлыг эсэргүүцэж Монголын махны холбоо бусад холбоотой хамтран өнөөдөр /2019.06.11/ мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын махны холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Махны салбарт 10 гаруй мянган ажилчин ажиллаж байна. Өнгөрсөн жилд 78 мянган тонн мах буюу 3 сая толгой мал боловсруулж экспортолсон. Гэтэл малыг амьдаар нь экспортолсноор махны үйлдвэрүүд бүгд хаагдах санхүүгийн чадваргүй болох нөхцөл байдал үүснэ. Бид гурван сая толгой малыг боловсруулж, 78 мянган тонн мах экспортолж байхад махны үнийн асуудал ийм түвшинд хүрч байхад 5 сая толгой мал амьдаар нь экспортолчихвол бид өнөөдөр хэдэн төгрөгийн мах худалдан авах вэ гэдгийг бодох хэрэгтэй” гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Манай Улс 70-80 сая малтай болсон гэж байгаа ч 2018 онд арьс ширний салбарын шаардлагыг хангасан 5.6 сая ширхэг л арьс нийлүүлэгдсэн. Мал өсөөд байгаа боловч 10 сая арьс шир шаардлага хангахгүй байна гэсэн үг. Тэгэхээр жилд 5-6 сая арьс шир буюу амьд мал хил давчихаар түүхий эдийн хомсдолд орно. Бид өнөөдөр малын гаралтай бүх төрлийн түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгож байж ажилтай орлоготой байх уу эсвэл аль нэг орны мал нийлүүлдэг орон болох уу гэдэг сонголтыг хийх цаг болсон байна. Тиймээс бид малаа амьдаар нь гаргахгүй байх шийдвэрт хүрсэн” гэдгийг онцоллоо.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Харин өлөн гэдэс экспортлогчдын холбооны тэргүүн Б.Мөнхзаяа “Өлөн гэдэс бол уламжлалт экспортын бүтээгдэхүүн. Европын холбооны оронд Монголоос гаргаж байгаа ганцхан хүнсний бүтээгдэхүүн бол зайдасны бүрхэвч. 1990-ээд оноос хойш хувийн хэвшлийнхэн энэ ажлыг нуруундаа үүрч яваа. Өнөөдөр Европын хиам зайдас боловсруулах үйлдвэрүүдэд аваачаад шууд нийлүүлэх хэмжээнд экспортлох хэмжээнд хүрч чадсан. Гэтэл малаа амьдаар нь гаргаснаар энэ салбар түүхий эдгүй болох шууд тусгал гарч ирнэ. Засгийн газрын 318 дугаар тогтоол бол махны үнийн хөөргөдлийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа бодлогынхоо эсрэг хийж байгаа ажил. Өөр малыг нь амьдаар нь гаргаж болохгүй өөр олон шалтгаан бий” гэв.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монгол хүн.:
Энэ нөгөө монголчууд биднийг мах их идэж байна.Махны хэрэглээгээ 3 дахин багасга гээд даапаалаад байсан этгээд шивдээ.Ер нь энэ төр засгийн эрх баригчид мал махны хяналтаа аль хэдийн алдчихаад ороо ард иргэд нь хагас өлсгөлөнгийн байдалд байгааг ойлгохгүй л байна даа.Өлсгөлөн ард түмэн нэг босвол эх орноосоо урвагчдыг арчаад л хаяна гэдгийг ойлгохгүй л байх шиг.Нийгмийн хувьсгал хаяанд ирчихээд тэсрэхэд бэлэн болцон.
2019-06-11