Өмнөд Солонгос БНАСАУ-д 8 сая ам.долларын тусламж үзүүлнэ  
2019-06-11

 

БНАСАУ-ын хүнсний тусламж үзүүлэхэд зориулж БНСУ энэ долоо хоногт НҮБ-ын данс руу 8 сая ам.доллар шилжүүлнэ гэж Өмнөд Солонгосын Нэгдлийн яам мэдээлснийг Ёнхап агентлаг дамжууллаа.  

 

Энэ онд БНАСАУ-д тус улсын түүхэнд ховор тохиолдсон  их ган гачиг тохиосон байна. Нэгдүгээр сараас тавдугаар сарын 15-ны хооронд  ердөө 56,3 мм хур тунадас орсон нь сүүлийн 102 жилийн хугацааны хамгийн бага үзүүлэлт гэнэ.  

 

Нөхцөл байдал ийн хүндэрсэн тул БНАСАУ-ын хэвлэл мэдээллүүд иргэддээ хандан усны шинэ эх үүсвэр олох, ган гачигтай тэмцэх хувьсгалт арга хэмжээ боловсруулахыг уриалжээ.  

 

Энэ улс руу нийлүүлэх хүнсний нийлүүлэлтэд хяналт тавьж буй Дэлхийн хүнсний хөтөлбөрийн төлөөлөгчдийн мэдээлснээр Хойд Солонгосын 10 сая гаруй оршин суугч хүнсний дутагдалд орсон бөгөөд дараагийн ургац хүртэл хүнс хүрэлцэхгүй нөхцөл байдалд байгаа гэнэ.  

 

Үүний шалтгаан нь 2018 онд цаг уурын хүнд нөхцөл байдлын улмаас сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн багад тооцогдох ургац хураасантай холбоотой юм байна. Мөн энэ жил ч ургац муу байх төлөвтэй бөгөөд олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй гэж Дэлхийн хүнсний хөтөлбөрийн төлөөлөгчид мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МОНГОЛЫН ИД ШИДТЭЙ ЛАМ НАРААР БОРОО ОРУУЛУУЛААД Л БОЛОО ЮМ БИШ ҮҮ.ТУСЛАМЖ ӨГӨӨД ХЭРЭГГҮЙ БАЙХ.ЦӨМИЙН ПУУЖИН ХИЙГЭЭД БУУДААД ДЭЛБЭЛЧИХ БАЙЛГҮЙ ДЭЭ.МАНАЙ ЛАМ НАРЫГ ГУЙВАЛ БОРОО БАЙТУГАЙ ЮМЫ НЬ ХИЙГЭЭД Л ӨГЧИХ ЧАДАЛТАЙ ЛАМ НАРТАЙ ГЭДГИЙГ ДЭЛХИЙ МЭДЭЖ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ.ДААНЧ ХОЙД СОЛОНГОС ТООХГҮЙ БАЙНА ДАА.
2019-06-12