4000 еврогийн шагналтай “Азийн ардын урлагийн их наадам” болно
2019-06-11

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах “Азийн ардын урлагийн их наадам 2019 оны 06 сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.

 

 

Бүгд найрамдах Болгар улсад төвтэй ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадмын сүлжээ  системийг дэлхий даяар нэвтрүүлж байгаа бөгөөд ази тивийн салбар наадмыг Монгол Улсад зохион байгуулах албан ёсны зөвшөөрлийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар болон “Арт-Лар ТББ” хамтран авсан.

 

Энэхүү наадамд Малайз, БНХАУ, Япон, Индонези, Энэтхэг, Непал, Бангладеш, ОХУ, Буриад, Тува, Казакстан зэрэг 12 орны 200 гаруй оролцогч мөн нийслэл, 21-н аймгаас үндэсний 1500 гаруй ардын авьяастнууд оролцож ур ухаан, аяьяас чадвараа сорин өрсөлдөх юм. Их наадмыг ардын урлагийн ассоциациас томилогдсон ОХУ, БНСУ, Узбекистаны мэргэжлийн шүүгчид болон монгол улсын 2 шүүгч шүүн тунгаах бөгөөд гранпри шагналтан 4000 евро, дэд байр 2000 евро, гутгаар байр 1000 еврогийн шагнал хүртэх юм.

 

Их наадмын үндсэн шалгаруулал энэ сарын 12-14-ний хооронд Ардын дуу, Ардын бүжиг, Ардын хөгжим, Язгуур урлагийн чуулга, Зан үйлийн чуулга гэсэн таван төрлөөр Нийслэлийн соёлын төв өргөө, Улсын Филармони, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн ордон, Улаанбаатар чуулганд явагдах юм. Харин гадаад оролцогчдын шалшаруулалт 6 сарын 13  нд Нийслэлийн Соёлын төв өргөөнд болох юм. Тус уралдаануудаас шалгарсан үндэсний болон гадаадын оролцогчдын шилмэл бүтээлүүдээс бүрдсэн нэгдсэн тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа 6 сарын 15, 16-нд Д.Сүхбаатарын талбайд болох аж.

 

Наадмын ерөнхий зохион байгуулагчаар БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл Урлагийн газар , “Арт-Лар ТББ” ажиллаж, БОАЖЯ, ГХЯ, НЗДТГ, Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци, Ардын урлагын наадмуудын европийн ассоциаци, ЮНЕСКО –ийн Монголын үндэсний комисс хамтран зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм.

 

Л.Отгонмягмар

Shuud.mn
Сонин хачин