Их 20-ийн уулзалтаар Трамп, Ши Жинпин нар ажил хэрэгч зоог барьж магадгүй  
2019-06-11

 

 

БНХАУ-ын дарга Ши Жинпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар энэ сарын 28-29-ны хооронд Осака хотноо болох Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ажил хэрэгч зоог барин уулзалдаж магадгүй гэж  South China Morning Post мэдээллээ.  

 

Энэ мэдээлэл гарахаас өмнө, даваа гаригт Трамп хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө Их 20 дээр Ши Жинпинтэй уулзахаар төлөвлөсөн гэж онцолж байлаа. Түүнчлэн Их 20-ийн дээд хэмжээний уулзалтанд БНХАУ-ын дарга ирэхгүй бол Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар оногдуулна гэж сануулж байв.  

 

АНУ, Хятадын хоорондын худалдааны дайн хурцадсан өнөөгийн нөхцөлд хоёр орны төрийн тэргүүнүүд уулзах нь сөргөлдөөнийг зохицуулж чадахгүй байсан ч чухал ач холбогдолтой гэж шинжээчид үзэж байна.  

 

Эргэн сануулахад, тавдугаар сарын 10-ны өдөр АНУ Хятадын 200 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд оногдуулах татварыг 10-аас 25% болгож нэмэгдүүлсэн юм. Түүнчлэн дахин 300 тэрбум ам.долларын барааны татварыг нэмэгдүүлэх явцыг эхлүүлэхийг Трамп үүрэгдэж байв.  Энэ нь өмнө нь худалдааны асуудлаарх зөвлөгөөн дээр тохиролцсон хэлэлцээрээсээ Бээжин ухарсантай холбоотой гэж АНУ мэдээлж байлаа. Үүний хариуд Хятадын эрх баригчид зургаадугаар сарын нэгнээс эхлэн АНУ-ын 60 тэрбум бараа бүтээгдэхүүнүүдийн татварыг нэмэгдүүлж байв.  

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин