Гаалийн байцаагчид удмын сангийн аюулгүй байдалд санаа чилээж байна
2019-06-12
Гэрэл зургийг MPA.mn

 

Таны дэлгүүрээс худалдаж аваад уух ундаа чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан байх ёстой. Яагаад гэвэл гааль нэвтрүүлсэн учраас айдасгүйгээр хэрэглэж болно гэсэн үг. Тэгвэл улсын хилээр нэвтэрч буй бараа, бүтээгдэхүүнд гаалийн байцаагчид хэрхэн хяналт тавьж ажилладаг бол...

 

Гаалийн байцаагч нарыг хээл хахуулийн дуулиан дагах нь бий. Тэд нээрэн авлига аваад л аюултай барааг “Асуудалгүй” гээд нүдээ аниад улсын хилээр нэвтрүүлчихдэг юм болов уу...Энэ мэт асуултуудад хариулт олохсон гэхээс эз хатгаж “Эрэн сурвалжах сэтгүүлчдийн нэгдэл” ТББ-ын гишүүн сэтгүүлчид Гаалийн ерөнхий газарт хүсэлт тавьсны дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь Сүхбаатар боомтод үүрэг гүйцэтгэж буй гаалийн байцаагч нарын нэг өдрийн ажилтай танилцаж, сурвалжиллаа.

 

Би үүргэвчээ шалгуулаад аялалд гарах дуртай. Штамп даруулаад “Эх орондоо тавтай морил” гэж угтуулаад эргээд ирэх ч дуртай. Хил нэвтрэх бүрийд шалгаж, нэгжиж цаг уддаг гаалийн ажилчдаас заримдаа төвөгшөөх нь бий. Харин энэ удаад тэднийг нэг их хайрламаар болов. Бодол дулаан, богц дүүрэн буцсан томилолтын сурвалжлагаа уншигчдад аа хүргэе.

 

Монгол улсын иргэд хууль бусаар эм, эмийн зүйлсийг нэвтрүүлэхийг ихээр завддаг

 

 

Монгол Улсад Гаалийн ерөнхий газрын харьяа 18 гаалийн газар үйл ажиллагаа явуулж байна. 18 гаалийн газрын харьяа олон улсын, хоёр улсын, байнгын болон түр ажиллагаатай гэсэн 46 боомт ажилладаг. Эдгээрт 1800 гаалийн улсын байцаагч 24 цагийн турш үүрэг гүйцэтгэж байна.

 

Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар 1912 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 107 дахь жилийн “нүүрийг” үзэж буй арвин туршлагатай байгууллага. Энэхүү гаалийн газар хяналтын таван бүстэй.

 

Сибирьтранс гаалийн хяналтын бүс: Сүхбаатар сумын 4-р багийн нутаг 3-р хэсэгт 0.9 га талбай бүхий Гаалийн хяналтын бүс

 

Халиун-Уул гаалийн хяналтын бүс:   ОХУ-аас БНХАУ уруу холимог тээврээр дамжин өнгөрч байгаа мод, модон материал бууж тээвэрлэгддэг

 

ВИДУ гаалийн хяналтын бүс: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн нутагт дэвсгэрт 56160кв.м талбайд үйл ажиллагаа явуулдаг.

 

Алтан булаг гаалийн хяналтын бүс: Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Алтанбулаг шалган нэвтрүүлэх цогцолбор

 

Сүхбаатар боомт: ОХУ, европоос импортолж байгаа бараа бүтээгдэхүүн, мөн БНХАУ, Азийн бусад орноос европруу илгээж байгаа бараа бүтээгдэхүүн нэвтэрдэг.

 

Гаалийн байгууллага хоёр үндсэн чиг үүрэгтэй:

 

1. Үндэсний аюулгүй байдлыг хангах хамгаалах: Хар тамхи, мансууруулах бодис, онцгой хортой химийн бодис, садар самууныг сурталчилсан эд зүйл, онцгой хортой эм эмийн зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхгүй байхад хяналт тавьдаг.

 

2. Улсын хилээр нэвтэрч байгаа бараанд татвар ногдуулаад тухайн татвараа төсөвт төвлөрүүлэх, төсвийн үүрэгтэй.

 

Сэлэнгийн гааль дээр хураагдсан эм, эмийн зүйлс

 

Сүхбаатар боомтоор манай улсын иргэд ОХУ-аас хууль бусаар эм, эмийн зүйлсийг нэвтрүүлэхийг завдсан үйлдэл ихэвчлэн гардаг байна. Хаана үйлдвэрлэсэн нь болоод хадгалах хугацаа нь тодорхойгүй, Монгол Улсад мөрдөгддөг эмийн стандартыг хангаагүй эм, эмийн зүйлсийг Монгол Улсын иргэд өөрсдөө хууль бусаар нэвтрүүлэхийг завддаг нь гаалийн байцаагчдын санааг чилээдэг байна.

 

Гаалийн ерөнхий газрын ахлах байцаагч Ч.Тамираа “Удмын сангийн аюулгүй байдал, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалж ажиллах нь гаалийн байгууллагын гүйцэтгэх үүрэг.  Эм, эмийн зүйлс нь хэрэглэж байгаа хүнээр дамжин түүний эрүүл мэнд болоод удмын сангийн аюулгүй байдалд шууд нөлөөлдөг. Тиймээс иргэн эмийн сангаас эм аваад хэрэглэхэд тус эм баталгаатай  байх ёстой. Улсын хилээр эм нэвтрүүлэхийн тулд эхлээд ЭМЯ-наас тусгай зөвшөөрөл авсан байх ёстой. Уг эм нь Монгол Улсад бүртгэгдсэн эмийн жагсаалтад орсон байх ёстой. Гэтэл ОХУ-аас Сэлэнгийн гаалиар дамжин хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлүүдийн ихэнх нь стандартыг зөрчсөн байдаг. Вагонд үзлэг шалгалт хийгээд явж байхад цонхоор гаргаад шидчихнэ, эзэн нь олдохоо байчих тохиолдол олон. Зөрчил гаргагчид аливаа нэгэн тээврийн хэрэгслийн зай, хөндийг ашиглах эсвэл галт тэрэгний зай хөндийг ашиглан эм, эмийн зүйлсийг нэвтрүүлэхийг завддаг” гэдгийг онцолсон юм.

 

Сэлэнгийн гааль дээр хураагдсан эм, эмийн зүйлс

 

Он гарснаас хойш Сэлэнгийн гаалийн газрын байцаагчид 38 удаа эм, эмийн зүйлсийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлсэн байна. Хураагдсан эм, эмийн бүтээгдэхүүнийг ихэвчлэн устгадаг байна. Бусад ашиглаж болох шаардлага хангахуйц гэсэн Мэргэжлийн комиссын дүгнэлтээр баталгаажуулсан бараа, бүтээгдэхүүнд үнэлгээ тогтоож дуудлага худалдаагаар худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг аж.

 

        Монгол Улсын жилийн төсвийн 2.3 их наядыг гаалийн байгууллага бүрдүүлдэг

 

 

Дараагийн ихээр илэрдэг зөрчил нь татвараас зайлсхийх явдал гэнэ. 2018 онд Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн байгууллагууд 2800 зөрчил илрүүлсэн байна. Үүний 50 хувийг татвараас зайлсхийх зөрчил эзэлжээ. Аж ахуй нэгж байгууллага, хувь хүмүүс гаалийн харилцаанд оролцохдоо УИХ-аас тогтоосон татварын хувь хэмжээгээр татвар төлөх ёстой. Гэтэл татварыг төлөхгүй байх санаа зорилго агуулсан үйлдэл иргэд ихээр гаргадаг байна.

 

Өнгөрсөн онд гаалийн байгууллага 2.3 их наяд төгрөгийн төсвийн татварын орлого төвлөрүүлжээ. Үндсэндээ Монгол Улсын жилийн төсөв 8 их наяд төгрөг. Тэрний 2.3 их наядыг гаалийн байгууллага бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл тухайн жилд олж байгаа 100 төгрөг болгоны 25 төгрөгийг буюу дөрөвний нэгийг гаалийнхан бүрдүүлж байна гэсэн үг.

 

 

Улсын ахлах байцаагч Ч.Тамираа “Гаалийн байгууллага улсын хилээр нэвтэрч байгаа бараа, эд зүйл, валют, валютын үнэт зүйл гээд бүхий л төрлийн бараанд хяналт тавьдаг. Тухайн бараа нь хориглосон бараа байвал улсын хилээр оруулахгүй, гаргахгүй байх, түүнээс бусад барааг зөвшөөрлөөр улсын хилээр нэвтрүүлэх түүнд ногдож байгаа татварыг бүрэн хэмжээгээр нь авч улсын төсөвт төвлөрүүлдэг. Төвлөрсөн Улсын төсвийн хөрөнгөөр эргээд нийгмийн хангамжийн асуудлаа шийддэг ийм л байгууллага. Гэтэл иргэд татвараас зайлсхийх зөрчил буюу татвар ногдох бараагаа хууль бусаар нэвтрүүлэх оролдлого ихээр үйлддэг. Мөн бараагаа огт гаальд мэдүүлэхгүй улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завддаг. Энэ нь илүү их хор аюултай. Учир нь онцгой хортой химийн бодис, эм эмийн зүйл үр хүүхдэд нөлөөлөхүйц садар самууны сурталчилсан эд зүйлсийг гаалийн хяналтаас нуун далдлах хэлбэрээр нэвтрүүлэх гэсэн санаа зорилго учраас” гэв.

 

Согтуу иргэд дараалал дайрч маргаан дэгдээдэг

 

 

Он гарснаас хойш эхний таван сарын байдлаар улсын хилээр хууль бусаар бараа нэвтрүүлэх хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Гаалийнхан зөрчлийг илрүүлж цагдаагийн байгууллагынхан шалгадаг аж. Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар Хилийн цэргийн 0101, 0243 дугаар ангиудтай байнгын хамтарч ажилладаг байна.

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 2018 оны долоодугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Чөлөөт бүсд цагдаагийн хэсэг байгуулагджээ.

 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Наран “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь хилийн боомт, Чөлөөт бүс 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг. Мөн Алтанбулаг суманд 500 гаруй иргэн ажиллаж байгаатай холбогдуулан цагдаагийн хэсэг байгуулах шаардлага тулгарсан. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хэсэг байгуулагдсан. Тус хэсэг нь найман хүний бүрэлдэхүүнтэйгээр олон нийтийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Хилийн орчимд залилах гэмт хэрэг ихэвчлэн гардаг. Мөн Монгол Улсын иргэд ОХУ-руу аялалаар болон албан ажлаар явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж оочер дараалал дайрснаас болж төрийн албан хаагчидтай маргалдах зөрчил ихэвчлэн гардаг” гэлээ.

 

 

Алтанбулаг шалган нэвтрүүлэх цогцолбор нь хоногт 2000 зорчигч 500 автомашин шалган нэвтрүүлэх хүчин чадалтайгаар 2002 онд баригджээ.

 

Хүнд даацын автомашины ачаа барааг нь буулгаж нэгд нэгэнгүй үзэж цаг алдалгүй ачаатай нь саравчтай агуулахад оруулж зогсоогоод 5-10 минутын хугацаанд рентген тоног төхөөрөмжөөр аюултай, хориотой, зөвшөөрөлгүй бараа, бүтээгдэхүүн байгаа эсэхийг шалгачихаж байгаа нь олзуурхмаар санагдав. Өдөрт рентген тоног төхөөрөмжөөр 30-40 машин шалган нэвтрүүлдэг байна.

 

 

 

Сурвалжлагын төгсгөлд дээр дурдсан асуултынхаа хариултыг “өвөртлөөд” буцсан юм. Миний уух ундаа, идэх чихрийн эрүүл, аюулгүй эсэхийг шалгаж гаалийн байцаагчид 24 цагийн турш гэртээ харилгүй үүрэг гүйцэтгэж байна. Тэд баяраар ч харьдаггүй амралтгүй хүмүүс аж.

 

Гаалийн байгууллагад нийт 1480 хүн ажилладаг. Үүний 380 нь төрийн үйлчилгээний албан хаагчид, 1100 нь төрийн тусгай албан хаагч буюу гаалийн улсын байцаагч нар. Тэд Монгол Улсын хилээр хориотой хортойо, аюултай зүйл нэвтрэхээс урьдчилан сэргийлж 24 цагийн турш үүрэг гүйцэтгэж байна.

 

 

Алтанбулаг боомтод нэг ээлжиндээ:

 

Гаалийн хяналтын бүс хариуцсан ахлах - 2

Бүрдүүлэлтийн гаалийн улсын байцаагч - 2

Рентген тоног төхөөрөмж, хяналт шалгалт хариуцсан байцаагч 8 ажиллаж байна.

Хяналтын бүсэд үйлчилгээний 8 ажилтан, нийт 20 ажилтан 24 цагийн турш үүрэг гүйцэтгэдэг байна.

 

Ийнхүү гаалийн ажилчдын нэг өдрийн ажилтай танилцаад Сэлэнгээс сэтгэл дүүрэн буцлаа. Учир нь гаалийн ажилчид буу үүрсэн цэрэг адил “энхийн манаанд” ээлжлэн зүтгэж “Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэний ч нөлөөнд үл автахаа батлан тангараглая” хэмээн төрийн сүлдэндээ мөргөн ёслосон тангарагтаа үнэнч л байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин