ШХАБ-ын БАНК байгуулах асуудлыг хэлэлцэнэ
2019-06-12

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын эдийн засгийн хэлэлцэх асуудалд АНУ болон БНХАУ-ын худалдааны дайн ихээхэн нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.   

 

“Худалдааны дайн ид өрнөж байгаа үед дээд хэмжээний уулзалт болж байгаа тул форумын хүрээнд  Хятадын тэргүүн хоёр талт уулзалтуудыг олноор төлөвлөсөн нь санаандгүй хэрэг биш, мөн банк хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр нилээд нухацтай яригдах байх” хэмээн Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн захирал Сергей Лузянин ТАСС агентлагт байр сууриа илэрхийлжээ.  

 

Энд дуулгахад, маргааш эхлэх ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хорь гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тэр дундаа талууд ШХАБ-ын Банк байгуулах, орчин цагийн эрсдэл болон аюул заналыг хамтдаа сөрөн зогсохтой холбоотой асуудлуудыг хэлэлцэх гэнэ.  

 

Бишкек хотноо болох энэхүү дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ажилд Кыргызстан улс удаан хугацаанд бэлдсэн бөгөөд дэлхийн олон орны өндөр түвшний зочид төлөөлөгчдийг хүлээж авах бэлтгэл ажлаа хэдийнэ хангасан байна. Мөн олон орны төлөөлөгчид болон олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс  Бишкекийн хууль сахиулах байгууллагынхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ.  

 

Түүнчлэн, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дээр гэмт хэргийг бууруулах чиглэлээр хоёр өдрийн турш урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авсан бөгөөд үүнд 800 гаруй цагдаагийн албан хаагч ажилласан байна.  

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин