Х.Бадамсүрэн: Би "Эрдэнэт" үйлдвэрийн өмчөөр хувьдаа орон сууц аваагүй
6-12

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн  асуултад "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн хариуллаа. 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-"Эрдэнэт" үйлдвэрийн анхдагчдын гомдол маш их ирж байна. Холбогдох байгууллага руу өргөдөл явуулсан. Шийдсэн байдал ямар байна вэ? Овоолгыг яаж цэгцлэхээр байна. 

 

-Би томилогдож очсоноосоо хойш цэгцлэх ажлыг үе шаттай явуулж байна. Гэхдээ өнгөрсөн хоёр жил асуудал тодорхойгүй байсан. Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны явцад бий болсон овоолгын асуудал, агуулах, исэлдсэн хүдрийн овоолгыг цэгцлэх асуудлыг ярьж байна. Ирэх долоо хоногийн хоёр дахь өдөр ТӨБЗГ-аас шийдвэр гарна. Үйлдвэрээс 65 тэрбум төгрөг гаргасан эмнэлгийг Япон-Монголын хамтарсан компанид шилжүүлсэн. Гэрээгээр 18 жилийн хугацаанд төлбөрөө хийх юм. Энэ асуудлаар холбогдох байгууллагад хандсан. 

 

"Эрдэнэт үйлдвэрийн удирдлага гадаад талдаа өр шир цайрсан. Дотоодын хууль хяналтын байгууллагатай холбоотой байгаа. Нөхцөл байдлыг бид тодруулж байгаа. Манайх өмгөөллийн компани авсан. Нийтдээ 188 боть, боть болгон нь 255 хуудастай материалтай манай өмгөөлөгч танилцсан. 

 

"Эрдэнэт" үйлдвэрийн өмч хөрөнгөөр хувьдаа орон сууц авсан асуудал байхгүй. Гарын үсэгний тухайд "Эрдэнэт үйлдвэр, Жаст группыг Стандарт банкнаас зээл авахад нь баталгаа гаргасан гэсэн л асуудал байгаа. Энэ асуудал хуулийн байгууллагад явж байгаа. 

 

"Эрдэнэт" үйлдвэр 100 хувь төрийн өмч болсноор төрд хүртэл эрсдэлтэй болсон учир Стандарт банкинд 115 сая ам.долларыг 40 сая ам.доллараар гадаад талдаа хаасан. Засгийн газар тусгайлан авч хэлэлцэж, холбогдох байгууллагад нь үүрэг даалгавар өгсөн. 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Монросцветментийн мэдлийн хичнээн лиценз байдаг вэ. Өөрийн эзэмшлийн лицензээ хувийн компани өгөөд, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдээгүй байсан. 

 

"Монголросцветмент" ТӨҮГ-ын захирал н.Мөнхбат:

 

-2019 оны байдлаар 35 тусгай зөвшөөрөлтэй байсан. Өнөөдөр 31 тусгай зөвшөөрөл байна. Төсөл судалгааны ажлууд хийгдээд явж байгаа. 

 

Ийнхүү байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээр хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг дэмжигдлээ. Анхны хэлэлцүүлэг явуулах талаарх байнгын хорооны дүгнэлтийг чуулганы хуралдаанд гишүүн Ц.Цогзолмаа танилцуулахаар болов. 

Н.Энх


 

 

Shuud.mn
Сонин хачин