Uber агаарын такси нэвтрүүлэх гурав дахь хотыг нэрлэлээ
2019-06-12

Америкийн  Uber компани агаарын такси үйлчилгээний туршилтаа хийх гурав дахь хот нь Австралийн Мельбурн байна гэж АВС телевиз мэдээллээ.  

 

Даллас болон Лос-Анжелест эхлэх Uber Air  үйлчилгээний нислэгийн хувилбар нь нисэх буудлуудыг хотын төвтэй зэргээр тээврийн зангилаануудыг  холбохоор төлөвлөж байгаа юм.  

 

Эх сурвалжийн мэдээлснээр туршилтын нислэг 2020 оноос харин арилжааны нислэг буюу иргэдэд үзүүлэх үйлчилгээ албан ёсоор 2023 оноос эхлэх юм байна.  

 

“Австралийн Засгийн газар райдшеринг /бусад зорчигдтой хамтран унаа хөлслөх үйлчилгээ/ болон  тээврийн технологид ирээдүйтэй алхам хийлээ. Австралийн бусад хотууд энэ жишгийг дагана гэж бид бодож байна ” хэмээн Австрали, Шинэ Зеланд, Зүүн Ази дахь  Uber -ийн бүс хариуцсан менежер  Сьюзан Андерсон мэдэгджээ.  

 

Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ таксины нислэгийн үнэ тус компанийн хэмнэлттэй үйлчилгээ болох  Uber X  системийн үнэтэй ижил байхаар төлөвлөжээ. Түүнчлэн нисдэг таксины үйлчилгээг Лос-Анжелес хотноо 2028 оны Олимпийн наадмаас өмнө нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.  

 

Uber  нь сайт эсвэл гар утасны апликейшнээр дамжуулан такси захиалах боломжтой онлайн үйлчилгээ юм. Энэ компани 2009 онд байгуулагдсан, төв нь Сан-Франциско хотод байрладаг. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин