Хонгконг: Эсэргүүцэл дагуулсан хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулав  
2019-06-12

Хонгконгийн хууль тогтоох зөвлөл олон мянган хүний эсэргүүцэлтэй тулгарсан, БНХАУ-руу  сэжигтэн шилжүүлэх тухай хуулийг хэлэлцэх хурлыг хойшлуулжээ.  

 

Энэ хуулийг эсэргүүцэн олон мянган хүн цуглаж, хотын төвийг бүхэлд нь бүрхсэн тул хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулахаас аргагүйд хүрсэн ч хэдий хугацаагаар хойшлуулж байгаа талаарх мэдээлэл гараагүй байна.  

 

Энд дуулгахад, хуулийн төслийг эсэргүүцэн олон мянган хүн Хонгконгийн гудамжинд гарч, Засгийн газрын ордон болон Адмиралти дүүрэгт байх Хууль тогтоох зөвлөлийн барилгын гадаа жагсаал зохион байгуулсан талаар ТАСС агентлаг мэдээлсэн юм.  

 

Жагсагчид тээврийн хөдөлгөөнийг хаасны улмаас ихээхэн замын түгжрэл үүсчээ.  

 

Эх сурвалжийн мэдээлснээр, жагсаалд ихэвчлэн оюутнууд оролцож байгаа бөгөөд тэд хичээлээ хаяж, бүтэн шөнийн туршид хотын төвд жагсаалд оролцсон байна.  

 

“Хонгконг Бээжингийн дарамтан дор статус, ардчилсан эрх, үнэт зүйлээ алдаж, Хятадын нэг хот болоосой гэж бид хүсэхгүй байна” хэмээн жагсагчдын нэг болох, Хонгконгийн их сургуулийн оюутан Чэн ярьжээ.

 

Олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа тул эмх журмыг хамгаалахаар хууль сахиулах байгууллагын 5000 гаруй ажилтан дайчлагдсан байна.  

 

Дашрамд дуулгахад, Хонгконгийн захиргааны тэргүүн Кэрри Ламыг саяхан дээрх хуулийг эргүүлэн татахгүй бол гэр бүлийнхнийг нь хөнөөнө гэж  сүрдүүлсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байв. Түүнчлэн хуульзүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Тереза Чэнийг ч мөн ийнхүү сүрдүүлсэн талаар эх сурвалжууд дамжуулж байлаа.  

 

Хэдийгээр олон нийт эсэргүүцэж байгаа ч Хонгконгийн захиргаа хуулийн хэлэлцүүлгээс буцахгүй гэж удаа дараа мэдэгдэж байсан юм. Харин энэ хуулийг Хонгконгийн сөрөг хүчнийхэн эсэргүүцэж байгаа бөгөөд хууль батлагдвал эрүүгийн болон авлигын хэрэгтнүүд төдийгүй хүний эрхийг хамгаалагчид ч хуулийн дагуу БНХАУ руу шилжиж, дарамт, тамлалтад өртөнө гэсэн байр суурьтай байгаа гэнэ.  

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин