П.Ганхүү: Багануурын уурхайд жил бүр 20 хүртэл тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлдэг
2019-06-12

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Тус хуралдаанаар  Салхитын мөнгөний орд, Багануурын уурхайг “Эрдэнэс Монгол”-д нэгтгэх шийдвэр гаргажээ. Энэ талаар “Эрдэнэс Монгол” компанийн захирал П.Ганхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-“Эрдэнэс Монгол”-д нэгтгэснээр Багануурын уурхайд ямар ашигтай вэ?

 

-Засгийн газрын хуралдаанаар Багануурын уурхайн лиценз, Салхитын мөнгөний ордын лицензийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлэх шийдвэр гаргалаа. “Эрдэнэс Монгол” компани Багануурын уурхайн 75 хувийг эзэмшдэг. Багануурын уурхай нийт 800 сая орчим тоннын нүүрсний нөөцтэй. Энэ лиценз дээр 400 сая орчим тонн нь байгаа. “Шивээ Овоо”, Багануурын уурхайн санхүүгийн олон жилийн хүндрэл нь техникийн хоцрогдлыг бий болгосон байгаа. Жилдээ 6 сая орчим тонн нүүрсийг төвийн эрчим хүчний системд нийлүүлдэг. Тиймээс энэ хүндрэлийг шийдвэрлэхэд ач холбогдолтой шийдвэр болно.

 

-Багануурын уурхайн алдагдалтай явж ирсэн шалтгаан юу вэ? “Эрдэнэс Монгол” компани хажуудаа авч явж байсан хэрнээ яагаад зөрчлийг арилгаж болоогүй вэ?

 

-Эрчим хүчний үнэ тогтвортой байгаа. Эрчим хүчний үнийг төрөөс тогтоодог. Дагаад нүүрсний үнэ ч тогтвортой байсан. Жил ирэх алдагдал нэмэгдэж ирсэн. Алдагдлын шалтгаан нь үнэ чөлөөлөгдөөгүй байгаатай холбоотой. Нүүрсний үнэ чөлөөлөгдөхөд суурь үнэ хөдлөх, өргөн хэрэглээний барааны үнэ өөрчлөгдөх эрсдэлтэй. “Эрдэнэс Монгол” компани тодорхой арга хэмжээ авч ирсэн. Зардлыг нь багасгах ямар бололцоо байна, технологийн шинэчлэлийг яаж хийх вэ гээд жил бүр 10-20 тэрбум төгрөгийн дэмжлэгийг хоёр охин компанидаа үзүүлж байгаа. Ямартай ч төвийн эрчим хүчний системд нүүрсийг хангах бодлого гаргасан. Энэ хүрээнд тодорхой ажил хийгдэж байгаа.

 

-Салхитын мөнгөний ордын асуудал хэрхэн шийдэгдэж байна вэ?

 

-Салхитын мөнгөний ордын ашиглалтын хоёр лиценз хууль зөрчсөнтэй холбоотой цуцлагдсан. Төрийн мэдэлд байсан энэ хоёр лицензийг “Эрдэнэс Монгол” компани руу шилжүүлэх шийдвэрийг гаргаж байна. Энэ ордтой холбоотой олон төрлийн маргаан явж байна. Иргэний, эрүүгийн, захиргааны хэргийн болон АТГ-т ч асуудал үүссэн. Тиймээс асуудлыг цэгцлээд явна.

Н.Энх

 

 

 

Shuud.mn
Сонин хачин