Сэлэнгийн цагдаагийн газрын хэргийн илрүүлэлт 17 хувиар өсчээ
8 өдөр

 

Хилтэй харьяалдаг аймгуудад гэмт хэрэг зөрчил ихээр үйлдэгддэг. Тухайлбал Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрынхан хар тамхи, хууль бус бараа тээвэрлэлт, зөвшөөрөлгүй эм эмийн зүйлсийг нэвтрүүлэхийг завдсан этгээдүүдтэй тэмцэн “завгүй” ажилладаг байна.

 

Сэлэнгэ аймгийн хувьд эм, эмийн хэрэгсэлийг хилээр хууль бусаар нэвтрүүлэх, гаалийн татвараас зайлсхийх гэмт хэрэг  нийтлэг үйлдэгддэг аж. Энэ оны хувьд буюу 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх /ЭХТА 18.5/ гэмт хэрэг 2 бүртгэгдсэн байна.

 

Сэлэнгэ аймаг дахь гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Үржинханд “Алтанбулаг суманд гарч буй гэмт хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Ерөнхийдөө Сэлэнгэ аймаг нутаг дэвсгэр томтой, 17 сумтай хүн ам ихтэй учраас хэрэг зөрчил гарах нь элбэг.

 

Он гарснаас хойш эхний таван сарын байдлаар Улсын хилээр хууль бус бараа нэвтрүүлэхийг завдсан хоёр гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ хэргийг цагдаагийн байгууллага харьяалан шалгадаг. Манай цагдаагийн газраас хилийн цэргийн 0101, 0243  ангиудтай байнгын хамтарч ажилладаг. Тэр дундаа улсын хилээр хууль бусаар бараа нэвтрүүлэх гэмт хэргийг хамтран илрүүлж байна. Алтанбулаг боомт орчимд эм болон эмийн зүйл хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг зонхилон үйлдэгдэх болсоон. Цагдаагийн байгууллагын техник хэрэгсэл харьцангуй сайжирсан ч бусад оронтой харьцуулахад дор үзүүлэлттэй байдаг. Бид гэмт хэрэг илрүүлэлтэд эрэлч нохой, техник хэрэгслээ түлхүү ашиглаж байна” гэдгийг онцолсон.

 

 

Алтанбулаг хяналтын цэгийг түшиглэн чөлөөт бүс ажилладаг учраас олон хүн цугларч эмх замбараагүй байдал үүсдэг тул Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 2018 оны долоодугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Чөлөөт бүсд цагдаагийн хэсэг байгуулагджээ.

 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Наран “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь хилийн боомт, Чөлөөт бүс 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг. Мөн Алтанбулаг суманд 500 гаруй иргэн ажиллаж байгаатай холбогдуулан цагдаагийн хэсэг байгуулах шаардлага тулгарсан. Тус хэсэг нь найман хүний бүрэлдэхүүнтэйгээр олон нийтийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Хилийн орчимд залилах гэмт хэрэг ихэвчлэн гардаг. Мөн Монгол Улсын иргэд ОХУ-руу аялалаар болон албан ажлаар явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж оочер дараалал дайрснаас болж төрийн албан хаагчидтай маргалдах зөрчил ихэвчлэн гардаг” гэлээ.

 

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 1414 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 512 буюу 36,2 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 902 буюу 63,8 хувь нь зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

 

Мөн эхний 5 сард 327 гэмт хэрэг бүртгэгдэж шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд гэмт хэргийн илрүүлэлт 17 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна.

 

 

2019 оны эхний 5 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх /11.7/ гэмт хэрэг 3, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 21, хүүхэд оролцсон гэмт хэрэг 5 бүртгэгдсэн байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх /11.7/ гэмт хэрэг 1 нэгжээр буюу 25 хувь, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1 нэгжээр буюу 4.5 хувь, хүүхэд оролцсон гэмт хэрэг 1 нэгжээр 16.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

Энэ онд аймгийн хэмжээнд зөрчил гаргаж 153 хүн баривчлагдсанаас 92 нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил 21 нэгжээр буюу 18.5 хувиар буурсан байна.

 

 

Аймгийн Гаалийн газар, Тагнуулын газар, Хилийн цэргийн 0101, 0243 дугаар ангиуд, Гадаадын ингэний харъяатын газартай жил бүр хамтран ажиллах төлөвлөгөө гарган хамтран ажилладаг байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин