ӨДӨРЛӨГ: Үндэсний номын сан уншигчийн картаа 50 хувь хямдруулав
2019-06-13

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ удаагийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон маш идэвхитэй оролцож байгааг зохион байгуулагчид нээлтийн үеэр онцолж байлаа.

 

Өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Соён гэгээрүүлэх аяныг эхлүүлэхээр энэ хавар төлөвлөгөө гаргаад ажилдаа орж байна. Өнөөдрийн соёл, урлагийн салбарын нээлттэй хаалганы өдөр энэ аяны эхлэл боллоо” гэдгийг онцолсон юм.

 

Нээлтийн дараагаар байгууллагууд үйл ажиллагаа, үйлчилгээний цар хүрээ хүртээмж, нийгэм соёлын хөгжилд оруулж буй хувь нэмрийг ард иргэдэд сурталчлан таниулах, иргэдээс соёл, урлагийн салбарын үйлчилгээний төрөл, хүртээмжийг чанаржуулах талаар санал санаачлагыг хүлээн авах зорилготойгоор олон төрлийн арга хэмжээг зохион байгууллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өдөрлөгт:

Улсын драмын эрдмийн театр,

Улсын филармони,

Театрын музей,

Уран зургийн галерей,

Улаанбаатар чуулга гэх мэтчилэн соёл, урлагийн 25 байгууллага оролцож байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Эдгээр  байгууллагууд 2018-2019 он хүртэл хийж бүтээсэн зүйлсээрээ үзэсгэлэн сурталчилгааг байрлуулж үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулж байлаа.

 

Арга хэмжээнд оролцож байгаа байгууллагуудын төлөөлөл болгож Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо “Монголын үндэсний номын сан уншигчиддаа бэлэг болгож уншигчийн картаа 50 хувь хямдруулж байна. Энэ бидний уншигчдынхаа тоог нэмэгдүүлэх, үйлчилгээгээ олон нийтэд танилцуул том ажил боллоо. Мөн Үндэсний номын сангаас эрхлэн гаргадаг номуудаар үзэсгэлэн гаргасан. Тухайлбал Үндэсний номын сангийн эрдэнэсийн сан хөмрөгийн каталогууд, алдарт үүлсэн дээрх бичгийг судлаачдад зориулсан каталог гарсан” гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Мөн өдөрлөгийн үеэр ажлын байр зарлагдсан байлаа. СУИС- номын сан судлал мэдээллийн ажилтан, Улсын драмын эрдмийн театраас жолооч /2/, оёдолчин/2/, маркетингийн менежер, гадаад харилцаа,төслийн ажилтан, мужаан, дулааны менежер гэсэн нээлттэй ажлын байр зарласан байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өдөрлөгийн үеэр иргэдийн дунд өөрсдийн талаар судалгаа явуулж, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдээр үнэлэлт дүгнэлт өгүүлж байгаа ба иргэд үүнд идэвхтэй оролцож байсан юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэхүү өдөрлөг өнөөдөр /2019.06.13/ 19.00 цаг хүртэл үргэлжлэх юм.

 

С.Ганцэцэг

Shuud.mn
Сонин хачин