"Баян ходоод" -оос "Түрүү магнай" буюу "Алдар суу"-ны түүх
2019-06-13

Мэргэжлийн хоккейн хамгийн том, хамгийн нэр хүндтэй лиг болох Үндэсний хоккейн лигийн (National Hockey League) 2019 оны аваргаар "Сент Луис Блюз" баг тодорч, хоккейн ертөнцийн эрхэм дээд шагнал Стэнлийн цомыг өргөлөө.

 

 

 

Өнөөдөр тэд аваргын төлөөх цувралын долоо дахь тоглолтод "Бостон Брюинз"-ийг талбай дээр нь 4:1-ээр хожсон юм. Түүхэндээ анх удаагаа Стэнлийн цомын аварга болж буй "Сент Луис Блюз" баг 1967 онд байгуулагдсан бөгөөд 52 жилийн дараа ийн аварга боллоо.

 

Энэ нь ҮХЛ-ийн түүхэнд хамгийн олон жил хүлээж байж аварга болсон бас нэг өвөрмөц амжилтыг шинэчиллээ. Хэдийгээр "Аугаа Нэг" хэмээх домогт Уэйн Гретцкигээс авахуулаад Бретт Халл, Брэндан Шэнахэн, Эл Макиннис гээд супер одууд энэ багт тоглож байсан ч Стэнлийн цом хүртэх боломж гарч байгаагүй билээ.

 

Энэ жилийн амжилт ч үлгэр , домог мэт... Учир ердөө л өнгөрөгч нэгдүгээр сард " Сент Луис" ҮХЛ-ийн улирлын тоглолтод 31 багаас хамгийн сүүлд бичигдэж байсан билээ. Гэтэл ердөө таван сарын дараа аварга болох нь тэр. Хойд Америкийн мэргэжлийн ямар ч спортын , ямар ч лигийн түүхэнд ийм тохиолдол гарч байгаагүй ажээ. Ёстой л " энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай" гэдэг энэ буюу. Тэгэхдээ бүүр жилийн биш тавхан сарын дараа. Сонирхолтой нь Америкийн блюз хөгжмийн " эцэг" , хөгжмийн зохиолч У. Хэндигийн нэгэн дууны нэрээр буюу " Сэнт Луис Блюз" хэмээн нэрлэгдсэн хоккейн энэ багийн амжилтад нэгэн дуу маш хүчтэй нөлөө үзүүлж, бараг л " сүлд дуу" нь боллоо.

 

 

Өнөөх "баян ходоод" болж явах үед "Блюз" хэдэн тоглогч нэгэн бааранд орж, америк хөлбөмбөгийн тоглолт үзэнгээ шар айраг шимж суужээ.Тэгтэл хэн нэгэн ди жи-д “Play Glory” хэмээн хэд хэдэн удаа шаардаж, нэгэн дууг захиалан сонссон бөгөөд энэ дуу хоккейчдод ихээхэн таалагдаж. Түүний дараахнаас тус багийн ялалтын цуврал эхэлсэн байна. Сүүлдээ"Glory” хэмээх тэр дуу " Сент Луис"-ийн тоглолтын үеэр эгшиглэх болж, дууныхаа нэр шиг "Алдар суу"-г энэ багт авчирлаа.

 

Манайхан бол энэ дууг тун сайн мэднэ. Италийн дуучин Умберто Тоцци "Glory” хэмээх энэ дууг 80-аад оны эхээр Сан Ремогийн фестивальд дуулж, дэлхий дахинд сонордуулсан бол, 1982 онд Америкийн дуучин Лора Брэниган дуулснаар хит болж байсан билээ. Хоккейноос "халиад" дуу руу ороод явчихлаа.

 

 

Гэхдээ л энэ жилийн Стэнлийн цомын аварга " Сент Луис Блюз" багийг дуу, хөгжимөөс , тэр тусмаа энэ жилийн амжилтыг "Алдар суу"-наас салгашгүй юм л даа.

 

Ц.Энхтүвшин

Shuud.mn
Сонин хачин
Про:
Ямар хөлдүү модон нийтлэл вэ?
2019-06-13