Оманы буланд хоёр танкер халдлагад өртөж, газрын тосны үнэ огцом өсөв 
6-14

 Оманы буланд газрын тосны хоёр танкер халдлагад өртсөн бөгөөд далайчдыг аварсан гэж Иран болон Арабын хэвлэлүүд мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, халдлагад өртсөн хоёр танкерын нэг нь Норвегийн далбаатай явдаг Front Altair, нөгөө нь Панамын Kokuka Courageous  танкер байжээ. Энэ мэдээлэл гарснаас хэдэн цагийн дараа Ливаны Al Mayadeen  телевиз Норвегийн далбаатай явсан онгоцыг живсэн гэж мэдээлсэн ч Ройтерс агентлаг энэ мэдээллийг няцаасан юм. 

 


Тайваны улсын СРС эрчим хүчний компанийн мэдэгдснээр Ойрхи Дорнодоос түлш тээвэрлэж явсан Front Altair танкер торпедод өртсөн гэж мэдээлжээ. Оманы эрх баригчид дээрх танкерыг халдлагад өртсөн гэсэн мэдээллийг баталсан бөгөөд  Ираны нутаг дэвсгэрт харьяалагдах хэсэгт дэлбэрэлт болсныг онцолсон байна. Эх сурвалжуудын мэдээлснээр хөлгийн багийн гишүүдий нүүлгэн шилжүүлсэн, одоо аюулгүй байдалд байгаа гэнэ. Аврах ажиллагааг Иран улс зохион байгуулсан бөгөөд 44 хүнийг Ираны нутаг дэвсгэрт авчиржээ.

 
Харин Kokuka Courageous танкерын оператор компани болох Сингапурын BSM Ship Management  мэдээлэхдээ хөлөг онгоцны их бие баруун талаасаа гэмтсэн, хөлгийн багийн 21 гишүүн осол болсон газрыг орхисон бөгөөд тэдний нэг нь хөнгөн шархдаж, эмнэлгийн тусламж авсан гэжээ. 


Одоо энэ танкер осол болсон газраа байгаа бөгөөд живэх аюулгүй, танкер дээрх метанолтой ачаа бүрэн бүтэн байгаа гэдгийг онцолсон байна. 


Газрын тосны үнэ эрс өсөв


Ройтерс агентлагийн мэдээлснээр түлш ачиж явсан хоёр танкер халдлагад өртсөн талаарх мэдээлэл газрын тосны үнэд хүчтэй нөлөөлж, үнэ дөрвөн хувиар өссөн байна. Гагцхүү энэ хэрэг төдийгүй Арабын Нэгдсэн Эмират улсын нутаг дэвсгэрийн усан хэсэгт танкерууд руу халдсан тухай өнгөрсөн сард ч гарч байсан мэдээлэл, бүс нутаг дахь тогтворгүй байдал газрын тосны үнэ огцом өсөхөд нөлөөлжээ


Өнгөрсөн удаад АНЭУ Ираныг халдлагад буруутгаж байлаа 


Тавдугаар сарын 13-нд Саудын Араб  газрын тосны хоёр танкер нь халдлагад өртсөн гэж мэдэгдэж байлаа. Мөн энэ өдөр дэлхийн газрын тосны томоохон боомтуудын нэг болох АНЭУ-ын Фуджейр боомтын бүсэд дахин арилжааны хоёр хөлөг онгоц хохиро амссан юм. Эмиратын урилгаар болсон хэргийг мөрдсөн АНУ-ын шинжээчид халдлагад Иран эсвэл түүний холбоотнууд хамааралтай гэсэн тодорхой бус дүгнэлт гаргаж байв. 


Иран өмнө нь газрын тосны зах зээлийг сүйрүүлнэ гэж заналхийлж байв 


Тээврийн гол судлыг хааж болзошгүй талаар Ираны ерөнхий штабын дарга, хошууч-генерал Мохаммад  Бакери мэдэгдэж байлаа. АНУ дөрөвдүгээр сард Ираны исламын хувьсгалын харуулын корпусыг алан хядагч байгууллагуудын жагсаалтанд оруулсны дараа Мохаммад Бакери  “Манай газрын тос Ормузын буланг нэвтэрч чадахүй бол бусад орны газрын тос ч нэвтрэхгүй” хэмээн сүрдүүлж байсан аж. 


Персийн булангаас Ормузын булангаар дайран Азийн хэрэглэгчдэд газрын тос хүрдэг бөгөөд энэ чиглэлээр өдөр бүр 18 сая баррель буюу дэлхийн нийт түлшний эргэлтийн 20 хувь нь дамждаг юм. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ene bol Iraniig buulgaj avah gesen ANU-iin bodlogiin ilrel. Shaltag shaltgaan zohioj gargaj baij Irak ruu haldsan shigee Iran ruu haldah gesen ANU sanaarhal mon
2019-06-14