ФОТО: Ази тивийн ардын урлагийн авьяастнууд Монголд цуглалаа
2019-06-14

Азийн урлагийн их наадам эхэллээ. Монгол Улсын Засгийн газар Монгол үндэстний болон Ази тивийн ардын урлагийн авьяастнуудын дунд Ардын урлагийн их наадмыг анх удаа зохион байгуулах шийдвэр гаргасан нь “Ард иргэдээ соён гэгээрүүлэх” аяны хүрээнд хийж буй ажил гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Наадамд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Турк, Энэтхэг, Узбекистан, Йордон, Малайз зэрэг 12 орны 200 гаруй оролцогч, Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн 1500 гаруй авьяастан оролцож байна.

 

Оролцогчид нь гоцлол, цөөхүүл, хамтлагийн бүрэлдэхүүнээр “Ардын дуу”, “Ардын хөгжим”, “Ардын бүжиг”, “Язгуур урлагийн чуулга”, “Зан үйлийн чуулга” гэсэн таван төрөлд нас, мэргэжил харгалзахгүйгээр оролцож буй юм. Их наадмыг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүнэ.

 

Зургадугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж, дүнгээ гаргах тус наадмын гранпри шагналтан 4000 евро, дэд байр 2000 евро, гутгаар байр 1000 еврогийн шагнал хүртэнэ.

 

Наадмын ерөнхий зохион байгуулагчаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон “Арт-Лар ТББ” хамтран ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин