Хонгконг: Жагсагчид огцрохыг шаардаж, Кэрри Лам уучлалт гуйв 
2019-06-17

 

Хонгконгийн захиргааны тэргүүн Кэрри Лам олон нийтийн эсэргүүцлийг өдөөсөн, сэжигтэн шилжүүлэх хуулийн төслийг батлахтай холбоотойгоор Хонгконгд хямрал үүссэнд уучлалт гуйжээ. 


“Захиргааны тэргүүн засгийн газрын ажил олон нийтийн дунд сөргөлдөөн, маргааныг үүсгэн, олон хүний урмыг хугалж, гонсойлгосон гэдгийг сайтар ойлгож байгаа. Тиймээс уучлалт гуйн, нийгэмд үйлчлэх ажилдаа шүүмжлэлийг хүлээн авч, цаашид сайжруулна  гэдгээ амлаж байна” хэмээн ням гаригийн орой гаргасан мэдэгдэлд онцолжээ. 


Энэ мэдэгдэлд, Хонгконгийн захиргаа сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг цаашид авч хэлэлцэхээ зогсоосон, одоогоор энэ асуудлыг дахин сөхөх төлөвлөгөөгүй байгаа гэдгийг цохон тэмдэглэсэн байна. 


Үүнээс өмнө, зургаадугаар сарын 15-ны бямба гаригт, Хонгконгийн захиргааны тэргүүн эсэргүүцэл дагуулсан хуулийн төслийг цаашид хэлэлцэхээ тодорхойгүй хугацаагаар зогсоохоор болсон талаар мэдэгдэж байлаа. Мөн энэхүү санаачилга нь олон нийтийн дунд үл ойлголцол, эсэргүүцэл дагуулсанд “гүнээ харамсч” байгаагаа илэрхийлээд Хонгконгд эмх журам, тайван байдлыг хадгалахын тулд ийм алхам хийсэн хэмээн мэдэгдэж байв. 


Хэдийгээр эрх баригчид хуулийн төслийг татан, буулт хийсэн ч Хонгконгийн оршин суугчид ням гаригт дахин олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн талаар ТАСС агентлаг мэдээллээ. 


Хар хувцас өмссөн жагсагчид Виктория цэцэрлэгт хүрээлэнгээс Адмиралти дүүрэгт байх Засгийн газрын байр руу явсан бөгөөд өмнөх өдрүүдтэй харьцуулахад харьцангуй тайван болсон энэ жагсаалд нэг сая гаруй хүн оролцжээ.  Өөрөөр хэлбэл энэ жагсаалд 7 сая гаруй хүнтэй Хонгконгийг 7 хүн тутмын 1 нь оролцсон, асар өргөн цар хүрээтэй жагсаал болсон байна. 


Эсэргүүцлийн жагсаалын гол хөдөлгөгч хүч нь залуус, оюутнууд байсныг эх сурвалжууд онцолж байгаа юм. Тэд Кэрри Ламыг шүүмжлэн, “Бээжингийн утсан хүүхэлдэй” хэмээгээд албан тушаалаасаа огцрохыг шаардсны дээр БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг шүүхээр оруулахын тулд эх газрын Хятад руу шилжүүлэх механизмыг зохицуулсан хуулийн төслөөс бүрэн дүүрэн, эргэлт буцалтгүй татгалзахыг шаардсан байна. 


Мөн цагдаагийнхан жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн нь илүүц байсан хэмээн шүүмжилсэн байна. Өнгөрсөн лхагва гаригт жагсагчид Хууль тогтоох зөвлөлийн байр руу дайрах гэж оролдсны улмаас хууль сахиулагчид жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий, резинэн сум ашигласан юм. 


Түүнчлэн жагсагчид эрх баригчдын буулт, цагдаагийнхны ширүүн авирын аль нь ч тэднийг зогсоохгүй гэдгээ илэрхийлсэн байна. “Хүний эрхийн төлөөх иргэний фронт” сөрөг хүчний байгууллага дахин эсэргүүцлийн жагсаал товлосон бөгөөд энэ жагсаал хичнээн хүнийг хамрах талаар одоогоор мэдээлэл гараагүй байна. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
Монголчууд бид бас ингэж жагсах хэрэгтэй байна
2019-06-17