Эцэг хуулийн өөрчлөлтийг сөрөг хүчингүй хэлэлцэх нь УИХ-ын чадамжид харшлах уу
2019-06-17

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлэг УИХ-аар явагдаж байна. УИХ дахь сөрөг хүчин АН-ын зөвлөл Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх асуудалд оролцохгүй гэдгээ мэдэгдэн хурлыг орхин гарсан. Ингэхдээ “"Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт олон жилийн турш олон нам, олон улстөрчдийн санал орсон. Мөн энэ хуулийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө эргэж харах зүйлүүд ч байгаа. Хуульд тавигдсан шаардлагад нийцүүлж хэлэлцүүлгийг эхлэх ёстой гэдгийг сануулж байна. Ерөнхийлөгчийн саналыг тодорхой аваагүй, хуулийг өөрийнх нь хуульд нийцүүлэн өргөн баригдаагүй,  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх журмын тухай хуульд заасан шаардлага зүйлүүдийг хангаагүй, дөнгөж саяхан зургадугаар сарын 10-нд Үндсэн хууль хэлэлцэх дэгийн хуулиа баталчихаад, энэ хуулийн хэрэгжилтийг эхлээгүй байхад  хуучин хуулиар хэлэлцэж байна. Үндсэн хуулийг хэлэлцэхэд ердийн хуулиас өөр гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч шинэ хууль баталчихаад энэ хуулийнхаа дагуу хэлэлцэхгүйгээр асуудалд хандаж байгаа нь буруу. Энгийн хуулиар дөрвөн минут ярих ёстой байсан бол Дэгийн шинэ хуулиар Үндсэн хууль хэлэлцэгч найман минут үг хэлж, 10 минут саналаа хэлэх ёстой. Тэгэхэд одоо энгийн хуульд хавчигдаад олонхиороо түрээд батлах асуудал яриад явж байгаа нь тун хариуцлагагүй хэлэлцүүлгийн эхлэл болж байна гэж харагдаж байна.

 

Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуулийн дагуу завсарлага авах эрхгүй, нэгдсэн дүгнэлт гаргах эрх байхгүй. Ийм боломжоороо хаагдсан байгаа. Би дахин шаардлага тавъя. Үүнийг хууль журмынх нь дагуу шаардлагыг нь хангаж байж энэ хэлэлцүүлэгээ эхлүүлж, зөвшилцлүүдээ зөв хийх, улс төрийн намын саналуудыг авч, ойлголцолд хүрэхийг сануулж байна.Ингэж байж  эхлэхгүй бол энэ хууль чинь өөрөө цаашид явах гарцгүй болно шүү гэдгийг бид эрх баригчдад анхааруулж байна. Тиймээс одоо цөөнх, сөрөг хүчин бидэнд ганцхан боломж үлдлээ. Энийг хууль журмын дагуу эхлүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэр болтол бид энэ хуулийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй” гэсэн тайлбарыг хийсэн юм. Сөрөг хүчин АН-ын зөвлөлийн тухайд “Энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхзүйн чадамжгүй. Гэхдээ нэгэнтээ хэлэлцүүлэг эхлэвэл бид хуралдаанд оролцож, байр сууриа илэрхийлнэ” гэдгээ мэдэгдэж байсан. Гэвч хуулийн зөрчилтэй асуудлаас үүдэж сөрөг хүчин хуралдааныг орхин гарч, УИХ-ын дарга хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын шинэ дэгээр явуулна гэсэн тайлбар хийсээр үлдлээ.

 

 Өнөөдөр эрх баригч хүчин МАН Үнэмлэхүй олонхийн суудалтай, сөрөг хүчин эсрэг суурьтай байсан ч олонхийн саналаар, өөрсдийн бодлогоор асуудлаа шийдээд явж байгаа. Өнгөрсөн гурван жилийн хугацааны парламентын дүр зураг ч иймэрхүү байсан. Эрх баригчид хүчинд олонхиороо эрдэх, хуулийн зөрчилгүй эдлэх эрх нь байгаа нь гашуун үнэн. Гэхдээ Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг хэдийгээр бүлгийн хэмжээнд ч бус ч өнөөдрийн парламентад сөрөг хүчнийг төлөөлж байгаа АН-ын зөвлөлийг байлцуулахгүй хэлэлцэх нь өөрөө УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх эрхзүйн чадамжтай эсэхэд олон нийтийг эргэлзүүлж байгаа юм. Тэр байтугай Үндсэн хуулийн өөрчлөлтийг төслийг парламент бүрэлдэхүүнээрээ төдийгүй ард нийтийн санал асуулгаар шийднэ. Ингэхдээ аль ч хэлэлцүүлэгт сөрөг хүчнийг байлцуулах нь эрх баригчдын үүрэг.

 

Цаашлаад эцэг хуулийн өөрчлөлтийн төсөлд шаардлага хангаагүй гэж Ерөнхийлөгчийн зүгээс мэдэгдээд байгаа. Ерөнхийлөгчийн мэдэгдэлд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагаа нь хууль зүйн зөрчил маргаангүй, нийгмийн зөвшилцөл ойлголцолд тулгуурласан байдлаар явагдах нь зүйд нийцнэ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл нь дор дурдсан нийтлэг шаардлагыг хангасан байна” гэж заасан бол уг зүйлийн 10.1.3-т “төслийн талаар Ерөнхийлөгчөөс санал авсан байх” шаардлагатай гэдгийг хуульчилсан. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан 2017 оны наймдугаар сарын наймны өдөр “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар санал авах тухай” албан бичгээр, 2018 оны зургадугаар сарын 22-ны өдөр нэр бүхий гишүүдийн гарын үсэгтэй, “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авах тухай” албан бичгээр тус тус хандаж, утга агуулгын асар зөрүүтэй хоёр төсөл ирүүлсэн. Тиймээс  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга өнгөрсөн сарын есний өдөр албан бичгээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанд тусгайлан хандаж санал өгөх төсөл болон холбогдох бусад материалын эцсийн хувилбарыг ирүүлэхийг хүссэн. Гэвч Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг албан ёсоор өнөөдрийг хүртэл ирүүлээгүй. Уг төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгааг хэвлэлийн мэдээнээс анх олж мэдсэн болно. Иймд хууль зөрчсөн байдлаар өргөн баригдсан, шаардлагыг хангаагүй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг холбогдох журмын дагуу буцааж, хуулийн шаардлага хангуулах арга хэмжээ авахыг хүссэн” албан бичгийг УИХ-д хүргүүлээд байгаа юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан “Ерөнхийлөгчид төслийг ажлын хэсэг өргөн барьсан. Харин хуулиар тусгайлан санал ирүүлээгүй тохиолдолд дараагийн алхмыг хийх дэгтэй” гэдгийг тайлбарлаж байна лээ.

 

Ямартай Ерөнхийлөгч хийгээд сөрөг хүчин Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг хуулийн дагуу явагдсангүй гэж байр сууриа илэрхийлж, эрх баригчид хэлэлцүүлгээ үргэлжлүүлж байна. Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд эсрэг тэсрэг байр суурь илэрхийлж байгаа. Тухайлбал, Эрдэнэтийг улсын хэмжээний хот болгох асуудлыг Үндсэн хуульд зааж өгөх хэрэгтэй гэж гишүүн Д.Дамба-Очир байр суурин дээрээ хатуу зогсож байгаа бол Ерөнхий сайдад эрх мэдэл өгснөөр супер Засгийн газар бүрдэнэ гэдэгт эргэлзэж байгаагаа хэд хэдэн гишүүд хэлж байсан.

 

Юутай ч Ерөнхийлөгчийн эсэргүүцэл, сөрөг хүчингүй хурал хаялт эхлүүлсэн эрх баригчдын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг цаашид хэрхэн үргэлжлэх, ард нийтийн санал асуулга хэрхэн гарахыг ажиглах үлдлээ.

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин