Эгэл УЯАЧИЙН эв таарсан УЯА
2019-06-17
Гэрэл зургийг MPA.mn

 

Яг нэг ийм л зунаар даахин сэвлэг согсолзуулан, цагааширсан дааганд ташуур өгөн давхиулж л явсан даа. Тэгж явахдаа тэр амьтантай салшгүй нандин сэжмээр холбогдсон гэлтэй наадам дөхөхөөр одоо ч сэтгэл гэгэлздэг юм. Ийн хөөрөхдөө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумыг зорьж, Нугаарын хөндийд төвхнөсөн эгэл нэгэн хөдөөгийн хөх уяачийн галыг өнгөрсөн амралтын өдрөөр зорилоо.

 

Улаанбаатар хотоос 200 гаруй километрийн зайд орших Багануур дүүргээс цааш засмалаас гарч шороон замд нийлэхүйд хачин тансаг энхэрхэн үнэр хамар цоргиж, хаа холын цэнхэр уулс, үүлсийн мананд цайвалзан байв. Тансаг энхрий цэцэгс ч зөөлөн зөөлөн үнэр тээж, тэнгэрт ойрхон ургацгаажээ. Тэнд ийм л төгөлдөр зуншлага болж, бас ч үгүй биднийг очиход тэнгэр хураа хайрлаж таарсан нь аялгуу асгах ажээ.

 

Нүд алдам ногоон талд гурван цээл уяа зоож хурдан морьдоо уяжээ. Энэ уяа Улсын тод ч биш манлай ч биш эгэл нэгэн сумын алдарт уяач Н.Мөнхсүрэн болон түүний ах Г.Баасандорж, дүү Н.Нацагдорж нарын гал. Эднээс гадна Баяраагийн Баттүвшин, Цэгмидийн Азжаргал гэх аймгийн алдарт уяачид болон өвсний сор дагаж Цэнхэрмандалыг зорьж ирсэн Баяндэлгэр, Мөнгөнморьт сумын уяачдын 10 гаруй гал айлсан буужээ.

 

Үе үехэн сүүлээ шарваж ялаа үргээчихээд үүргэлэх морьдоо тайвнаар ажиглан харц тогтоож өвсний толгой таслан амандаа зууж хээвнэгхэн хазлах гүдс шулуун энэ эрийг Нямсүрэнгийн Мөнхсүрэн гэнэ. Тэрээр багадаа өвөөгийнхөө хурдан морийг унаж өссөн. Түүний өвөө  Дугаржавын Иш гэх уяачийн эрдэм төгс хүн байж. Чингисийн 750 жилийн ойд шүдлэн үрээ түрүүлгэж байсан нутаг усандаа алдар цуутай уяач аж.

 

Өнөө харин Н.Мөнхсүрэн өвөөгийнхөө морь уях эрдмийг өвлөж нутагтаа, сумандаа морьдоо хурдлуулж явна. Асуултад цөөн үгээр хариулах энэ залуугаас гүндүүгүй монгол эрийн ичимхий дүр байсхийгээд л илэрнэ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

 

“Өнгөтэй” морьдоо Төрийнхөө наадамд сойно

 

 

-Морь хурдан уяа эвтэй юу?

 

-Сайхан зусч байна уу? Уяа эвлэг сайхан байна.

 

-Хэнтийн Цэнхэрмандал хэзээнээсээ хурдтай нутаг даа?

 

-Тэгэлгүй яахав. Олны мэддэгээр Сандагдоржийн “Онон хар” азарга байна. Сүүлийн үед нэр алдар нь түгэж байгаа их хурдад айрагдаж, зүүнбүст түрүүлсэн халтар азарга бий. Бас Дугарсүрэн гуайн саарал гэж 1996 онд улсад түрүүлсэн сайхан буян байсан даа.

 

-Танай уяан дээр аль угшилтай адуунууд байна вэ?

 

-Сүхбаатарын адуу бий. Шинэ цагийн Монгол адуу ч байна. Ер нь өөрийн унаган адуу л их байна даа. Энэ жил бүх насны 30 гаруй морь сойгоод байгаа.

 

 -Морьдын уяа сойлгыг хэрхэн тааруулж байна вэ?

 

-Ойрын хэдэн жил ногоо тааруухан байсан учраас нэг жаахан нэмэгдэл тэжээл өгч уралдуулж байлаа. Энэ жил харин хаа сайгүй адуу "цайрчихсан" сайхан байна. Миний хувьд ханагарыг л сайхан тохируулахыг хичээдэг. Ханагар гэдэг нь гурован км газарт жигд хурдаар давхиулаад энэ байдлаар өдөр бүр давхиулж хурдыг тогтоодог юм.

 

-Энэ жил хаагуур наадахаар зэхэж байна вэ?

 

-Өнгөтэй хурдтай байгаа зарим морьдоо аваад Төрийнхөө наадмыг зорино. Мөн Хэнтий аймаг, Багануур дүүрэг, Цэнхэрмандалынхаа наадамд морьдоо сойно.

 

-Төрийн наадамд хэдэн хүлгээ сойх вэ?

 

-Давхилаас нь харж байгаад л болно доо. Бага, дунд сунгаанаар хаагуур давхих нь уу харж байгаад л шийднэ

 

-Өмнө нь төрийн наадамд хүлгийн шандас сорьж байв уу?

 

-Төрийн наадамд морь айрагдуулсан удаа бий. Монгол Улсын Тод манлай уяач Ө.Пүрэвбаатарын загал шүдлэнг 2016 онд Улсын наадамд аман хүзүүдүүлж, зүүн бүсийн наадамд түрүү магнайд хурдлуулсан. Ихэнхдээ сум, орон нутагтаа л сайхан нааддаг даа. Өнгөрсөн жил зуншлага тааруу байсан учраас нутагтаа сайхан наадсан. Энэ жил ногоо эрт гарсан учраас ганц хоёр морио улсад сойх санаатай байна.

 

Та хэдэн наснаасаа морь уясан бэ?

 

-Би 16 настайгаасаа хойш морь уяж байна. Одоо 32 настай гэхээр 16 жил морь уяж, уралдуулжээ. Өвөө маань алдартай, хурдтай хүн байсан. Би өвөөгийнхөө морийг унаж өссөн болохоор өнөөдөр өвөөгийнхөө удмыг залгаж яваа тийм л нэг уяач хүн дээ.

 

-Олон айраг түрүү авч байсан болов уу? Нэг их хөөрч байсан нь хэзээ бол?

 

-Төрийн наадамд морио хурдлуулж ард түмний өмнө нэрээ дуудуулж цоллуулна гэдэг сайхан. Тэр л баярлам сайхан мөч байсан даа. Аймаг бүсийн наадамд цөөнгүй морь айрагдуулсан.

 

 

 -Хэнтий, Сүхбаатар аймаг хурдан удмын адуутай гэж хүн бүр “шуурдаг”. Та харин хурдтай нутгийн хүү аж.

 

-Хэнтий, Сүхбаатар, Дорнодын адуу хэзээнээсээ хурдтай гэж Монголын ард түмэн мэднэ. Хуучнаар манжийн хааны түмэн агт энэ нутгаар нутаглаж байсан гэдэг. Тэр утгаараа миний ойлгож байгаагаар 200-300 жилийн хугацаанд Манжийн хааны тал бүрээс цугласан адуу энэ нутгаар нутаглаж байсан учраас удам угшил сайжирч ирсэн байж болох. Бас адуунд хамгийн тохиромжтой ургамал ногоо нарийн өмснүүд Дорнод, Хэнтийд ургадаг. Тиймээс адуу тогтуун идээшилж таргалдаг. Ер нь адуу хурдлахад өвс хамгийн чухал.

 

-Сүүлийн үед наадам дөхөхөөр сэрвээний өндөр нь нийцэхгүйгээс болж “морь минь хасагдах вий” гэсэн айдас уяач бүхэнд байх шиг?

 

-Ний нуугүй хэлэхэд сүүлийн үед шинэ монгол адуугүй уяач ховор болсон. Тиймээс ММСУХ-ноос хамгийн тохиромжтой шийдвэр нь сэрвээний өндрөөр хэмжих гэж үзээд уралдуулахаар болсон байна. Би ч санал нэг л байна.

 

-Эрлийз адууны тухайд та ямар бодолтой байдаг вэ?

 

-Манай уяанд шинэ монгол адуу бий. Хүн хөдөлмөр гаргаж л уяа сойлгыг нь тааруулж байгаа учраас эрлийз гэж илүү харж болохгүй юм. Хамгийн гол нь монгол адуунаас ялгаад л уралдуулчихвал зөв. Эрлийз Монголоор ялгаж уралдуулах Засгийн газрын шийдвэртэй би санал нэг байдаг. Гэхдээ тэр шийдвэр хэтэрхий оройтсон. Ер нь адууны цусаа сайжруулах чинь зөв. Монгол адуу байхгүй боллоо л гэдэг. Би хувьдаа уралдааны морьдын үржил, угшлыг сайжруулах нь буруу биш гэж боддог. Мэдээж бид уналга, хонины морьдоо уяад түрүүлэхгүй нь мэдээж шүү дээ.

 

-Сүүлийн үед унаач хүүхэд ховордсон гэдгийг уяачид учирладаг. Та хэдэн унаачтай вэ?

 

-Таван хүүхэд бий. Хоёрыг нь сургаж байгаа. Гурав нь энэ жил унана. Ерөнхийдөө 9-16 насны хүүхдүүд байна. Манай өөрийн хүүхэд мориноос томдоод туслах уяачид шилжсэн. Унаач хүүхэд ховордсон учраас моринд хайртай, дуртай хүүхдүүдийг сургаж л байна. Эхний жил даага, сарваа унуулна. Хоёр дахь жилээс овоо тахилгын наадамд мордуулна. Гурав дахь жилээс том хэмжээний наадамд уралдуулдаг. Сүүлийн үед хотжилтын байдлаас моринд хайртай, унах сонирхолтой хүүхдүүд ховорджээ. Манай охин жаахан байна. Одоо дөнгөж л ой гарантай. Охиноо 5-6 нас хүрэхээр нь морь унуулна гэж боддог. Морь унасан хүүхдийн бие чангарч, сэтгэл санаа хажууждаг. Би өөрөө ч хурдан морь унаж өссөн. Морь унаж өссөн хүүхэд монголын соёлын өвийг тээсэн иргэн болно гэж найддаг.

 

-Адуу үүргэлэхийг харж өссөн хүн уужуухан байдаг гэдэг. Танаас ийм чанар ажиглагдлаа.

 

-Нар салхинд гандаад л хэдэн адуугаа маллаж явах сайхан даа. Үүндээ ядарлаа, зовлоо гэхгүй. Хэн нэгэнд очоод ялархах юм байхгүй. Морь давхивал сэтгэлдээ баярлаад л, морь хойгуур давхивал тэглээ гээд гутрахгүй. Нэгэнт хийгээд сурчихсан олон жилийн ажил болохоор иддэг хоол шиг л болчихсон байна.

 

Унаач М.Мөнхтулга: Цалингаараа хоёр дүүдээ хувцас авна

 

 

Биднийг ийн ярилцах зуур уяа дүүрэн гийнгоон дуу хадаж, туслах уяачид морины ажлаа эхэллээ. Өнөөдөр морьдоо ханайлгана гэнэ. Морины ажил хийхээр явсан унаач, уяачдаас ард хоцорч морь тойруулахаар арын албанд үлдсэн  М.Мөнхтулга хүүтэй ярилцлаа.


-Чи хэдэн настай вэ? Хэдэн жил морь унаж байна?

 

-Би есөн настай. Хоёр жил морь унаж байна.

 

 -Морь унах гоё уу?

 

-Гоё.

 

-Олон айрагдаж, түрүүлж байв уу?

 

-Хоёр удаа түрүүлж байсан.

 

-Танай гэр хаана байдаг вэ? Энд хэнтэй ирсэн бэ?

 

-Манай гэр Налайхад байдаг. Би ганга зардаг. Замын хажууд ганга зарж зогсож байгаад Баянаа ахтай /туслах уяач/ таараад энд ирсэн.

 

-Гэрээ, аав ээжийгээ санаж байна уу?

 

-Санахгүй байна. Энд морь унаад гоё байна. Харин хоёр дүүгээ санаж байна. Би 2, 3 настай хоёр дүүтэй шт.

 

-Том агаа юм аа. Наадам дуусахаар харих уу?

 

-Мэдэхгүй ээ.

 

-Яагаад мэдэхгүй гэж? Намар сургуульдаа явна биз дээ?

 

-Би сургуульд сурдаггүй. Сургуулиасаа гарчихсан. Гэртээ хариад гангаа л зарна биз. Тэрний оронд энд байвал илүү гоё санагддаг юм.

 

-Налайхад гэр нь хаана байдаг вэ? Хэн хэнтэй амьдардаг вэ?

 

-Энгэр шандад байдаг. Аав ажил хийдэг. Харин ээж дүү нарыг хараад гэртээ суудаг.

 

-Уяач нь морь унаж өгсөн гээд гоё юм авч өгдөг байх тэ?

 

-Өгдөг. Надад цалин өгдөг. Энэ жил ч бас өгнө. Тэрүүгээр нь дүү нартаа, өөртөө хувцас авна.

 

Хэрсүү бяцхан ухаандаа олныг эргэцүүлдэг болов уу гэмээр ийм нэгэн жаалтай ярилцлаа. Том хүн шиг хэвлүүхэн яриатай энэ хүүгийн “цалингаа аваад дүү нартаа хувцас авч өгнө” хэмээсэн нь сэтгэл баахан хямраав. Тоглохоос өөрийг сэтгэдэггүй томоогүй бяцхан насандаа, хиргүй тунгалаг сэтгэлдээ “амьдрал” тээж яваа нь өр өвтгөв.

 

Мөрөөдлийн тухай, ирээдүйд хэн болох тухай асуултад хариулж чадалгүй хий дэмий л харц буруулах М.Мөнхтулга хүү шиг олон хүүхэд хөдөлмөр эрхэлж яваа даа...Уяачид унаач хүүхдүүдийг хүчээр морь унуулж, хүнд хэцүү хөдөлмөр эрхлүүлдэг гэж бодол тээх хүн олон. Бодит байдал дээрээ унаачид морь унаж цалин аваад, зуны гуравхан сар ч болтугай сэтгэл амар байхыг хүсдэг аж. Морь унах л амьдралаас мэдэрсэн хамгийн сайхан зүйл тул ирээдүйд уяач эсхүл адуучин болно хэмээх П.Оргил, н.Батлхагва гэх хоёр хүүтэй ч ярилцсан.

 

 

Зогссон газраа хонхойтол ухсан сартай зээрд азарга уяан дээрээ тогтож ядан дүүхэлзэж хангинатал янцгаах нь сүрдэм. Энэ ММСУХ-ны тэргүүн Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Цогтын Батсайханы унаган адуу аж. Мөн “хонины морь” гэлтэй хэний ч нүдэнд тусамгүй хээр морь ч энэ уяан дээр байна. Энэ адуу 2018 онд Баянхутагт суманд болсон Хэнтийн өмнөд бүсийн наадамд айрагдсан, 2019 онд овоо тахилгын наадамд нэг аман хүзүүдэж, нэг айрагдсан холдоо давхилтай хурдан буян аж. Хангайн бүсийн хурдад дээгүүр давхисан алаг морь ч өнгөтэй харагдана. 

 

 

 

Ийнхүү манай сурвалжлах баг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумыг зорьж хурдан хүлгийн тоосонд дарагдаж хийморь сэргээгээд ирлээ. Нар салхинд борлож, гандсан уяач, унаачид наадмын өглөөг сэтгэл дотроо өөрсдийнхөөрөө зурж байгаа биз ээ. Эв нь таарвал энэ жилийн наадмын түрүү хэнийх ч байж мэдэх юм

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин