G20: Далай тэнгис дэх хуванцар хаягдалтай тэмцэхээр тохиролцов 
2019-06-17

Дэлхийн далай тэнгис дэх хуванцар хог хаягдлыг багасгах олон улсын анхны хэлэлцээрийг Японд, Их 20-ийн уулзалтын үеэр хийлээ.Энэ гэрээнд хуванцар хаягдалтай тэмцэхэд бүх нийтээр баримтлах ерөнхий журмыг тогтоосон гэж Японы Байгаль орчны сайд Есиаки Харада мэдэгдсэн байна. 


Түүнчлэн хуванцар хог хаягдлаар бохирдуулахын эсрэг арга хэмжээнүүд, энэ салбар дахь инновацийг дэмжих, шинжлэх ухааны судалгааны болон ажиглалтын аргуудыг сайжруулах талаар тусгажээ. 


Хэлэлцээрт тусгасан ихэнх заалтуудыг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд гэдээ жил бүр хуванцар хог хаягдалтай тэмцэх ажил ямар шатанд явагдаж байга талаар улс орнууд тайлан гаргах юм. 


Харин, "Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр батласан хэлэлцээр нь асуудлыг шийдэх ердөө эхний алхам, сайн дурын үйл ажиллагаанд найдах нь хангалтгүй" гэж Greenpeace мэдэгдлээ. Дэлхий дахины өмнө тулгамдсан асуудал болоод байгаа хуванцар хог хаягдалтай тэмцэхийн тулд нарийн тодорхойлсон зорилго, үйл ажиллагааны төлөвлөгөө бүхий, зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай албан журам гаргах хэрэгтэй гэдгийг Greenpeace онцолсон байна. 


Энд дуулгахад, жил бүр дэлхийн далай тэнгист найман сая орчим тонн хуванцар хог хаягддаг гэсэн тоон мэдээлэл бий.Энэ хог хаягдлын улмаас далай тэнгисийн загас, шувуу үүгээр хооллон амиа алдах тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн бөгөөд хамгийн аюултай нь таван миллиметрээс бага хэмжээтэй жижиг хуванцар хэсгүүд далай тэнгисийн загас шувуудын бие организмд орон, улмаар хүнд хүнсээр дамжин эрсдэл үүсгэх боломжтой гэж үздэг юм. 


Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин