С.Бямбацогт: Засаглалыг тогтвортой байлгахын тулд "давхар дээл"-ийг багасгах заалт тусгасан
2019-06-18

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

 

-Ажилгүйдэл, ядуурал манайд их байна. Үндсэн хуулиар ажлын байрыг бий болгох, ядуурлыг бууруулахад яаж тусгаж өгөх вэ?

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 

-Үндсэн хуулинд хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулна гэж заасан. Тийм болохоор бид төрөөс байгалийн баялгийг ашиглах, шударга ёсны зарчим, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримталсан. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө агуулгын дор тогтвортой хөгжлийн бодлогын асуудлыг оруулж ирсэн. 

 

"Давхар дээл"-тэй холбоотой асуудлаар 2000 оны Үндсэн хуульд оруулсан дордуулсан 7 заалтын нэг гэдэг. Засаглалын тогтвортой байдлыг бий болгохын тулд "давхар дээл"-ийг тайлах заалтыг энэ удаад тусгасан. Аль болох "давхар дээл"-ийг олон байлгахгүй тал дээр Үндсэн хуульд нэмэлт оруулсан. 

 

Хуульч О.Мөнхсайхан:

 

-Шүүгчийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх заалт оруулсан. Хариуцлагын зөвлөлтэй болгоно. Нэг удаад 6 жилээр томилогдоно. Даргаа дотроосоо томилогдож, ШЕЗ-өөс хараат бус байна. УДШ-д хуулийг ноцтой зөрчсөн асуудлаар энэ хороонд гомдол гаргах эрх нь нээлттэй байх юм. 

 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

 

-Төрийн мэргэшсэн албан хаагч тогтвортой байх ёстой. Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд аймаг, суманд байгаа төрийн албан хаагч Засгийн газар огцорсон ч тогтвортой ажиллах ёстой. Үүнд ямар заалт тусгасан бэ? Хүний эрхийн тэгш байдал хангагдахгүй байгаа. Энэ талаар?

 

Төрийн байгуулалтын байнгын хроооны дарга С.Бямбацогт:

 

-Засгийн газрын эрх мэдлийг хэт нэмэгдүүлж байна гэж ойлгож болохгүй. Засгийн газрын тогтвортой ажиллах боломжийг нэмэгдүүлэх зорилготой. УИХ дээр сайд нарыг томилохоор гишүүнд нь дарамталдаг. Ийм байдлаас болоод Засгийн газрын сайд нар хавчганасан байдалтай ажилладаг болсон. Өнгөрсөн 27 жилийн алдаа энэ. Хууль тогтоох нь хууль тогтоох засаглал шиг, гүйцэтгэх нь гүйцэтгэх засаглал шиг байх хэрэгтэй. Нөгөө талаасаа хяналтын функцаа нэмэгдүүлж байгаа юм. 

 

Г.Занданшатар: ҮАБЗ-ийн түвшинд санал солилцоод ойлголцсон

 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.  Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байгаа юм. Чуулганы хуралдаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэг болох хуульч,  судлаач, АИХ-ын депутатууд оролцож, гишүүдийн асуултад хариулж байна. 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-ШИНЭ намын гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд сөрөг хүчний зүгээс оролцож байна. АН-ын гишүүд хурлаа хаяж гарлаа. УИХ-ын дарга Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэж байсан. Зөвшилцөлд хүрсэн үү?

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол 10 жил гурван парламент дамжиж бүтсэн бүтээл. УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд энэ төсөлтэй нэг заалтаас бусдаар агаар нэгэн төслийг хэлэлцүүлэхээр ярьж байсан. Өчигдөр өргөн барьж байсан зүйлээсээ өөрөөр хандаж болохгүй. ҮАБЗ-ийн түвшинд санал солилцсон. Агуулга санал нэг байсан учраас хэлэлцэж байна гэж ойлгож байна. 

 

АН-ын тухайд ч улс төрийн агуулгаараа эсэргүүцэж байгаагаас бус өмнөх байр сууринаасаа ухраагүй гэж бодож байна. Тодорхой улс төрийн асуудлаа зөвшилцлийн замаар шийдээд явна гэж итгэж байна. 

 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

 

-Энэ хуулийн өөрчлөлтөөр нийгмийн салбарт ямар өөрчлөлт оруулах вэ? Боловсролын салбарт гурван ээлжтэй хичээллэж байна. Нэг сургуулиас 10 хүүхэд биш хэдэн зуугаараа сүрьеэ өвчтэй гэж гарч ирж байна. Эрүүл мэндийн салбар уналаа. Ард иргэдээ соён гэгээрүүлж байж Монгол Улс хөгжих нь гэж хэлээд байгаа, Ерөнхий сайд. 28  жилийн алдаагаа засах ямар боломж байна вэ?

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 

-Төрийн бодлогыг тогтвортой, залгамж чанартай байх үүднээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. 27 жилийн хугацаанд 15 Засгийн газар  байгуулж, 300 гаруй сайд төрүүлсэн. Тийм болохоор гүйцэтгэх засаглалыг тогтвортой байлгах үүднээс оруулж байна. УИХ-ын хэт их эрх мэдэлтэй байхыг багасгах зохицуулалт оруулж ирж байна. 

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулиар хөндөж болохгүй гэсэн заалт байдаг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд энэ тухай заасан. Тиймээс ажлын хэсэг үндэсний аюулгүй байдлыг  бодолцож энэ заалтуудыг хөндөөгүй. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Shuugch nar gej...
2019-06-18