Хятад: Сирийг сэргээн босгоход оролцоход бэлэн 
2019-06-19

 

Хятад улс Сирийн дайны дараах сэргээн босголтонд оролцоход бэлэн байгаагаа илэрхийлсэн тухай Сирийн Гадаад хэргийн сайд Валимд Муаллем БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хийсэн уулзалтын дүнгээр мэдэгджээ. 


“2011 оноос эхлэн бид терроризмын хөлд үрэгдэн хохирсон. Сирийн дэд бүтэц болон эдийн засгийн хөгжилд асар их хор хохирол учирсан тул олон улсын зүгэгэс Сирийн сэргээн босголтонд оролцож байна. Манай хятад нөхөд Сирийг сэргээн босгох ажилд оролцоход бэлэн гэдгээ илэрхийлсэн ” хэмээн Муаллем мэдэгдсэн байна. 


Сирийн дайн хэрхэн эхлэв 


Одоогоос найман жилийн тэртээ 2011 оноос Сирид зэвсэгт сөргөлдөөн эхлэсэн. 2011 оны тайван эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчид Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг огцрохыг шаардан, 50 жил нэг намын удирдлаган дор явсныг эсэргүүцэж байлаа. Гэвч энэ жагсаалын дүнд улс төрийн буулт болсонгүй, улмаар 2012 онд эсэргүүцлийн жагсаал дайн болон хувирсан юм. Энэ дайныг Сири дэх Исламын улс алан хядах бүлэглэл өдөөсөн бөгөөд 2017 оны сүүлээр энэ бүлэглэлийг ялсан гэж Сирийн эрх баригчид мэдэгдэж байлаа.

Энэ дайны улмаас 8 жилийн туршид 400 орчим мянган хүн амиа алдаж, 60 мянга гаруй хүн ор сураггүй болсонд тооцогджээ  


Дайны үеэр 7 сая хүн дүрвэжээ 


Оросын цэргийнхний тооцоолсноор, 2011 оноос эхлэн Сирид дайн өрнөх хугацаанд 6,9 сая хүн эх орноо орхин дүрвэсэн байна. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан Дээд комиссарын газрын мэдээлснээр 2018 оны 12 дугаар сарын нэгний өдрийн байдлаар 45 оронд албан ёсоор бүртгүүлсэн 6 664 415 Сирийн дүрвэгч байжээ. Эдгээр орнуудаас хамгийн ихээр дүрвэгч хүлээн авсан улс орнууд нь Турк /3,6 сая/, Ливан /952 мянга/, Иордан /674 мянга/, Герман /534 мянга/ , Ирак /252 мянга/ юм. Эдгээр дүрвэгчдээс 1,7 сая нь эх орондоо буцах хүсэлт гаргасан бөгөөд ихэвчлэн Ливан болон Иорданаас дүрвэгчид Сири рүү буцаж байгаа гэнэ. 


Сири-хүүхдэд хамгийн аюултай газар 


2014 оны гуравдугаар сарын 10-нд нийтлэсэн НҮБ-ын Хүүхдийн сангийн илтгэлд Сири улсыг манай гаригийн, хүүхдэд хамгийн аюултай газар гэжээ. Учир нь 5,5 сая хүүхдэд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай бол энэ улсад дайн өрнөсөн 3 жилийн дотор 10 мянган хүүхэд амиа алдсан байна. Сирийн 5,5 сая хүүдийн 4,3 сая нь эх орондоо амьдарч байгаа бол үлдсэн 1,2 сая нь хөрш зэргэлдээ орнууд дахь дүрвэгсдийн хуаранд, харин 37,5 мянган хүүхэд эцэг эхээ дүрвэж байх үед мэндэлжээ. Мөн 8 мянган хүүхэд насанд хүрэгчдийн анхаарал халамжгүйгээр өөрсдөө Сирийн хил хүрсэн гэсэн тоо бий. 


Эдийн засагт учирсан үр дагавар 


Дайн Сирийн эдийн засагт сөргөөр нөлөөлсөөр байгаа юм. Жил бүр 8 тэрбум ам.долларын орлого оруулж, ДНБ-ий 12%-ийг бүрдүүлдэг байсан аялал жуулчлалын салбар хүнд цохилтод орж, хөрөнгө оруулалтууд хумигджээ. 


2012 оны тавдугаар сарын байдлаар Сирийн эсрэг тавьсан олон улсын хориг арга хэмжээний улмаас тус улс 4 тэрбум ам.долларын алдагдалд орсон бөгөөд хоригийн улмаас нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний хомсдолд орж байв. 


2013 оны нэгдүгээр сард Иран улс Сирид тэрбум ам.долларын зээл олгосон ч зээл нь үйлчилгээ, хэрэглээний бараа хэлбэрээр олгогдох учир мөнгөн гуйвуулга хийгдэхгүй юм байна. 


Сирийн эрх баригчид улсынхаа олон улсын нөөцийг 15 тэрбум ам.долларын түвшинд байгаа, 2011 оноос хойш ердөө 10 хувиар л өөрчлөгдсөн гэж мэдэгдсэн ч олон улсын шинжээчид энэхүү үзүүлэлт 5 тэрбум ам.доллараас ч доош унасан гэж үздэг. Өөрөөр хэлбэл Сирийн нөөц боломж эрс хумигдсан гэсэн үг юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
монгол:
усама бен ладен,аль каида,исламын улсыг ану-ын тагнуулын төв газар байгуулсан юм.энэ дайныг ану зохион байгуулсан.
2019-06-19