Трамп Ерөнхийлөгчийн кампанит ажлаа албан ёсоор эхлүүллээ 
2019-06-19

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2020 оны сонгуульд дахин сонгогдох зорилгоор кампанит ажлаа албан ёсоор эхлүүлж байгаа талаар мягмар гаригт зарлалаа. Тэрбээр өчигдөр Флорида мужийн Орландо хотод дэмжигчдийнхээ өмнө үг хэлсэн байна. 


“ Өнөөдөр орой би та бүхний өмнө хоёр дахь удаагаа АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд сонгуулийн кампанит ажлаа эхлүүлж байгаагаа албан ёсоор зарлаж байна” хэмээн Трамп мэдэгдээд  одоо “улс орон хөгжин цэцэглэж, шинэ өндөрлөгт хүрч байна” гэж онцолжээ. 


“Манай эдийн засаг дэлхий дахин атаархахуйц байна. Магадгүй,  өнөөгийн эдийн засгийн байдал манай орны түүхэн дэх хамгийн сайн, өндөр түвшинд байгаа байх ” хэмээн Трамп цохон тэмдэглэжээ. 


Түүнчлэн тэрбээр 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан үеэ дурсаад, “Бид нэг удаа хийж чадсан, одоо дахин чадах болно. Бид энэ удаад эхлүүлсэн ажлаа дуусгана” гэжээ. 


Тэрбээр дэмжигчдийнхээ өмнө хэлсэн үгэндээ “Би зэвсэгт хүчнийг бэхжүүлж, Оросын эсрэг хориг арга хэмжээ тавьж, Европ даяар эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтийн боломжит хувилбарыг бий болгосноор Оросын хувьд ихээхэн өрсөлдөөн үүсгэсэн” гэж онцолсон байна. 


Энд дуулгахад, АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх сонгууль 2020 оны 11 дүгээр сарын гурванд болно. Ерөнхийлөгчийн кампанит ажлын үеийн намын идэвхитнүүдийн эхний хурлууд 2020 оны хоёрдугаар сарын эхээр Айова мужид болох бол ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах Ардчилсан намын хурал 2020 оны зургаадугаар сарын 13-16-ны хооронд болох юм. Харин бүгд найрамдахчууд хурлаа 2020 оны наймдугаар сарын 24-27-ны хооронд хийхээр төлөвлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин