ОХУ цахим виз нэвтрүүлнэ 
6-19

ОХУ гадаадын иргэдэд зориулсан цахим виз нэвтрүүлэхээр болжээ. Ингэснээр жуулчдын урсгал эрс нэмэгдэнэ гэж тооцоолсон тухай Оросын аялал жуулчлалын операторуудын холбооноос мэдэгдсэн байна. Вести агентлагийн мэдээлснээр нэгдсэн цахим виз бий болгох үүргийг Владимир Путин Ерөнхий сайд, Гадаад хэргийн яам, Дотоод хэргийн яам болон Холбооны аюулгүй байдлын албанд өгсөн бөгөөд 2021 оны нэгдүгээр сарын нэгнээс өмнө энэ төрлийн виз бэлэн болох ёстой гэнэ. 

 

Энэ виз нэвтэрснээр нэмэлт бичиг цаас цуглуулж, дугаар хүлээх шаардлагагүй болох аж. Орос руу зорчих гадаадын жуулчид онлайн горимоор зөвшөөрөл авах бөгөөд шинэ төрлийн визнь нэг удаагийн, 16 хүртэл хоногоор зорчих эрхтэй байх гэнэ. 


Виз мэдүүлэхэд дээд тал нь дөрөв хоногийн хугацаа шаардагдах тул гадаадын иргэд консулын газраар очиж цаг алдах хэрэггүй, интернэтээр дамжуулан мэдээллээ бөглөхөд л хангалттай. 

 

Цахим визний үйлчилгээг одоогоор Алс Дорнодод туршиж байгаа талаар Вести мэдээллээ. Цахим визийг 8 хоногийн хугацаатай , ямар нэг хураамжгүй олгож байгаа бөгөөд Оросын Гадаад хэргийн яамны сайт дахь тусгай хуудас руу орж мэдүүлэг бөглөхөд л хангалттай юм байна. Алс Дорнодын эрх баригчдын мэдээлснээр 20 мянга гаруй цахим виз олгогдсноос Хятад, Япон орнуудын иргэд хамгийн ихээр энэ төрлийн виз авчээ. 


Ойрын үед энэ үйлчилгээг Өвөр Байгал, Калининград мужид нэвтрүүлэх бол хоёр жилийн дараа улс орон даяар нэвтрүүлэхээр төлөвлөсөн аж. Мөн энэ системд Европын холбоо болон Шенгений бүсийн орнуудыг холбохоор төлөвлөж байгаа юм байна. Цахим визийн үнэ 50 орчим доллар гэж тооцоолж байгаа нь европчууд энгийн визийг 70 еврогоор авдгаас хямд үнэтэй, мөн цаг үрэхгүй давуу талтай гэж Оросын ГХЯ мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин