“Тамирчдын өдөр”-ийн өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
6-20

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Биеийн тамирь спортын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Тамирчдын өдөр”-ийг энэ жил 6 дугаар сарын 22-нд орон даяар зохион байгуулах гэж байна.

 

 

“Олон улсын олимпийн өдөр”, “Токио олимп сан”-гийн нээлттэй хамтатган тэмдэглэх Тамирчдын өдрийн хүрээнд олон нийтэд биеийн тамир, спортыг сурталчлан таниулах, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бол орон нутагт мөн нэгэн зэрэг тэмдэглэх юм.  

 

Тухайлбал, энэ өдөр МҮОХ-ны музей, нийслэлийн дүүргүүдийн Биеийн тамир, спортын хорооны заал, танхимаар иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлэхээс гадна спортын алдартнуудтай уулзах, спортын олон төрлийн ач холбогдол, давуу талын талаар мэдээлэл мэдлэг олж аван, өөрт тохирох спортын төрлийг сонгох боломжтой.  

 

Өдөрлөгийн үеэр ёслол хүндэтгэлийн арга хэмжээнээс гадна спорт, урлагийн үзүүлэн тоглолт болж, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах юм.

 

Тамирчдын өдрийг салбарын ололт амжилт, олимпизмын үзэл санаа, шинээр байгуулагдсан спорт хороодыг олон нийтэд сурталчлах, иргэдэд спортын үйлчилгээ үзүүлэх, салбарын албан хаагч, ажилтныг шагнаж урамшуулах, олимпийн наадамд оролцогчдод хүндэтгэл үзүүлэх зорилгоор 2010 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ. Энэ жил орчин үеийн олимпийн хөдөлгөөн үүсэж хөгжсөний 125 жилийн ой тохиож, дэлхий даяар олимпийн өдрийг өргөн цар хүрээтэй тэмдэглэх гэж байна.  Мөн “Токио 2020” олимпийн наадамд оролцох монгол тамирчдаа дэмжин ажиллах “Токио олимп сан” энэ үеэр нээлтээ хийнэ.

Shuud.mn
Сонин хачин