Орос, Монголын Ахмадын байгууллагууд туршлага солилцжээ 
2019-06-21 16:27

Зургадугаар сарын 13-14 нд ОХУ-ын Буриад улсын Улаан-үүд хот,Кабанскийн районы Корсаков сууринд болсон Буриадын Ахмадын холбооны удирдах зөвлөлийн чуулганд манай улсаас Сэлэнгэ аймгийн ахмадын хорооны дарга Р.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. 


Энэ чуулганд Буриадын 21 район /аймаг/-ы Ахмадын хороодын дарга нар, Монголын талаас Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны дарга Р.Ганхуяг, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Ахмадын хорооны дарга П.Буян-Эрдэнэ, Сэлэнгэ аймаг дахь хилийн цэргийн 0101-р ангийн ахмадын зөвлөлийн дарга н.Баярбаатар нар оролцсон байна. Чуулганы үеэр сургалт, зөвлөгөөн, танилцах аялал зохион байгуулагдаж, хоёр талын ахмадын хорооны удирдлагууд ажлын туршлагаа хуваалцан, Буриадын талаас Ахмадын хорооны үйл ажиллагааг иргэний нийгмийн байгууллагуудын ажилтай хэрхэн уялдуулдаг талаар танилцуулжээ. 


Түүнчлэн, Монголын төлөөлөгчдийг Корсаков сууринтай танилцуулах аялал зохион байгуулсан байна.

“Энэ суурин 600 хүн амтай, 60 сурагчтай ч Зөвлөлтийн үед баригдсан, 650 сурагчийн хүчин чадалтай сургууль хэвийн ажиллаж байгаагийн дээр орон нутгийн угсаатны зүйн музей, үнэн алдартны сүм, Аугаа их Эх орны дайнд үрэгдсэн, сураггүй болсон, эргэн ирж энхийн хөдөлмөрт зүтгэж байгаад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн баатрууддаа зориулан дурсгалын хөшөө, алдрын гудамж байгуулан, цөөн хүн амтай ч жуулчдын сонирхол татах газруудаа тогтмол ажиллуулан, арчилж тордож байгаа нь бахархмаар санагдсан” гэж уулзалт, зөвлөгөөнд оролцсон Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Ахмадын хорооны дарга П.Буян-Эрдэнэ ярилаа. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин