Эцэг хуулийг өөрчлөх нь эрх баригчдын үндсэн даалгавар уу
2019-06-24

 

Үндсэн хуулийн хэлэлцүүлэг  үргэлжилж байна.  УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн  талаар иргэдэд танилцуулж, санал солилцож яваа юм. Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулахдаа давхардсан тоогоор 5.2 сая иргэний саналыг авч, зохих хэмжээнд тусгасныг ажлын хэсэг дурдсан байдаг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, Үндсэн хуулийн эхийг баригч, УИХ-ынх гишүүн Д.Лүндээжанцан “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ямар нэг хэмжээнд хийх  ёстой.  Тэгж байж бид парламентын засаглал, ардчилалаа аврах ёстой. Монгол Улсын 3.2 сая иргэний ашиг сонирхол, улс эх орны нийтлэг эрх ашиг, ирээдүй хойчийн төлөө эдгээр нэмэлт, өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд тусгахаар төслийг боловсруулсан” гэдгийг онцолж байгаа.

 

Үндсэн хуулий нэг дэх хэлэлцүүлгийг УИХ хийж, хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 98,4 хувийн саналаар дэмжин, ийнхүү, хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэхээр иргэдээ мэдээлэлжүүлж байгаа юм. Гэхдээ УИХ-ын олонх Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэн ч УИХ дахь АН-ын зөвлөл хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдэж, хуралдааныг орхин гарсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг энэ парламент хэлэлцэх эрхзүйн чадамжгүй, МАН  үнэмлэхүй олонхи байгаа энэ үедээ парламентын нэр хүндийг унагасан гэж сөрөг хүчин үзэ байгаа хэдий ч Үндсэн хуулийн хэлэлцүүлэгтээ оролцохоо мэдэгэж байсан. Гэвч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын шинээр батлагсдан дэгээр явуулах ёстой гэсэн байр суурийг тэд үзсэн  юм

 

Нөгөөтэйгүүр Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барихдаа  Ерөнхийлөгчийн саналыг аваагүй тул буцаах шаардлагатай гэж албан бичгийг Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д хүргүүлээ байсан. Ерөнхийлөгч хийгээд сөрөг хүчний эсэргүүцлийг дундаар эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа уулзалт, хэлэлцээр хийж байна.

 

Ерөнхийлөгч болон АН-тай ойлголцох шатандаа явж байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн онцолсон. Ингэхдээ хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй холбоотой ямар заалт Үндсэн хуулийн төсөлд горимын саналаар тусгагдахыг  одоогоор таашгүй. Учир нь шинэ төслөөр насны квотыг 55-аар тогтоож, зургаан жилийн бүрэн эрхтэйгээр нэг л удаа Ерөнхийлөгчийг сонгоно гэж тусгасан байгаа. Гэхдээ 55 нас гэдэг өнөөдрийн Хөдөлмөрийн хуулиар эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах нас. Тиймээс  насны энэ квот өөрчлөгдөх магадлалтай. Харин Ерөнхийлөгчийн тухайд өнгөрсөн намрын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ эрс шинэчлэлд бэлтгэх, эрс шинэчлэл хийхийг уриалж байсан. Ер нь чуулган дээр үг хэлэх бүртээ эрс шинэчлэлд парламентыг ч, нийгмийг ч уриалж байгаа. Магадгүй, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай зэрэгцээд Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэгдүүлэх гэсэн цаашлаад Ерөнхийлөгчийн засаглалын асуудал хөндөгдсөн байхыг үгүйсгэхгүй. Учир нь УИХ-ын дарга асан М.Энхболд  “Ерөнхийлөгчтэй ойлголцох асуудал хийсэн нь зөв зүйтэй юм. Өнөөдөр бид парламентын засаглалыг сайжруулахын төлөө Үндсэн хуульдаа өөрчлөлт хийж байна. Түүнээс бус шинэ засаглалын тухай асуудал энд яригдаагүй Хэрвээ Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярья гэвэл шинэ Үндсэн хууль хэлэлцэх ёстой” гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан.

 

Ер нь олон нийтийн тухайд ч цаг үеийн шаардлагаар Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, парламентын засаглалаа сайжруулахыг дэмжиж байгаагаас бус Ерөнхийлөгчийн засаглалын тухайд мөрөөдөө ч үгүй. Харин ч одоогийн УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, хоёр танхимтай болох асуудал олон нийт өөрсдийн байр сууриа хэлж, зарим нь дэмждэг.

 

Үндсэн хуулийн 35 хувьд л нэмэлт өөрчлөлт оруулах дэгтэй. Энэ удаад ажлын хэсэг 28 хувьд нь өөрчлөлт оруулсан гэдгээ мэдэгсэн. Харин Ерөнхийлөгчийн болон сөрөг хүчин АН-ын зөвлөлийн санал үлдсэн 7 хувьд нь нэмэгдэх магадлалтай. Ажлын хэсэг ч үүнийг тооцоолж, хувь тулгасан өөрчлөлт  хийгээгүй биз.

 

УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар иргэдийн саналыг нэгтгэж, танилцуулах байх. Зарим гишүүд ч тодорхой саналтай байгаа. Тухайлбал, Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, О.Содбилэг нар Эрдэнэт, Дарханыг улсын хэмжээний хот болгох асуудалд байр суурин дээрэ хатуу зогссоор байгаа. Харин аймаг орон нутгийн тухайд аймаг, сумын Засаг даргыг иргэдээс сонгох асуудалд эсрэг тэсрэг байр суур илэрхийлсээр байгаа юм билээ.  Учир нь төрийн тогтолцоо нэгдмэл байна гэж  хуулиндаа тусгасан хэрнээ орон нутгийн удирдлагыг сонгох нь түвшин түвшиндээ өөр болж, түмнээс, нэг хэсэг нь  ИТХ-аас сонгогдон түвшин түвшиндээ өөр болж зөрчилдөж байгааг гишүүд хэлж байна.

 

Цаашлаад МАН 2016 оны УИХ-ын сонгуулиар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан байдаг. Тиймээс ч ард түмэн үнэмлэхүй олонхиор сонгож Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах даалгавар өгсөн гэж эрх баригчид үзэж байна. Хэдийгээр одоогийн МАН /хуучнаар МАХН/ олонхи байх 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталж, мөн МАН /МАХН/ үнэмлэхүй олонх байх 2000 оны өөрчлөлт оруулж байсан нь түүхтэй ч өнөөдрийн үнэмлэхүй олонхи МАН Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжтай эсэх, сонгогчдын сонгосон чухал даалгавар нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэх нь харин ч эргэлзээтэй асуудал.

 

Ямартай ч хэлэлцүүлэг хэрхэн үргэлжлэхийг олон нийт ажигласаар байна, Ард түмний санал асуудлыг авахгүйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг МАН шийдэх эрхгүй хамгийн үнэн.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин