Гишүүддээ адлагдсан АН-ын дарга
6-24

-АН-ын анхан, дунд шатны гишүүд Эрдэнэ вангийн отог, жинсийг хийстэл заргалдана гэв-

 

 

Ардчилсан намын дарга Дундговь аймагт очоод ард иргэдтэй уулзах байсан ч чадалгүй, гишүүддээ хөөгдөн буцжээ. Хөөгдсөн гэхээсээ илүү өөрөө зугтсан бололтой юм. Аймгийн Ардчилсан намын гишүүд нь түүнийг уур бухимдалтай, шаардсан, шүүмжилсэн уриа лоозонтой угтсан аж. Ил тод, нээлттэй, эрүүл нийгэмд байдаг л үзэгдэл л дээ, уг нь. Иймхэн юмнаас айгаад иргэдтэй уулзалгүй буцсан нь С.Эрдэнийн  хувьд том ялагдал, ичгүүр юм. Улстөрч хүн дандаа алга ташилтын дор амьдарна гэж юу байх вэ. Шүүмжлээд байгаа гишүүдийнхээ үгийг сонсоод, нүүр тулан уулзчих зориг түүнд байсангүй. Намынхаа гишүүд, дэмжигчдийн нүүрийг харалгүй зугтах шалтгаан түүнд байжээ гэж хардмаар.   

 

Дундговийнхон бол Ардчилсан хувьсгалыг эхнээс нь дэмжиж ирсэн ард түмэн. 2000 онд ардчилсан хүчнийхэнд итгэх сонгогчдын итгэл эрс унаж, МАХН УИХ-д 72 суудал авч байхад Ардчилсан намын цорын ганц гишүүнийг Дундговийн сонгогчид парламентад илгээж байсан түүхтэй. Нэг үгээр хэлбэл Дундговийнхон Монголын ардчиллын цучлыг бөхөөлгүй түүчээлэн, дахин бадраасан гавьяатай. Ардчилал, эрх чөлөө, шударга ёсонд ийм хайртай говьчуудын халуун сэтгэл рүү С.Эрдэнэ ус цацсан тул бухимдал, гомдол нь эцэстээ тулсан хэрэг. Түүнээс биш давхиад ирсэн аяны хүнд үүд хаалга нь нээлттэй, идээ зоог нь дэлгээтэй байдаг уужуу, цайлган, зочломтгой түмэн билээ, говьчууд.

 

Буцалж байгаа данхтай цайг битүү таглачих юм бол тагаа авч шиднэ, эсвэл цоргоороо халуун уур тургина. Түүн лүгээ адил олон түмний бухимдлыг хэт дарж, нууж хаах юм бол хэзээ нэгэн цагт тэсэрнэ. Нэрт шог зохиолч Шагдайн Цэнд-Аюушийн энэ зүйрлэл өнөөгийн Ардчилсан намын дарга, удирдлагад тун хамаатай сануулга болжээ. Эгэл жирийн гишүүд, дэмжигчдийнхээ бухимдлыг төрүүлж, тэднийг үл хүндэтгэн, санал шүүмжлэлийг нь сонсохоо байж, өөрсдийн санаа зоригийг шууд тулгаж, дарангуйлах болсноор Ардчилсан намын дарга С.Эрдэнэ буцалж байгаа данхтай цайн дээр суугаагаас ялгаагүй эмзэг нөхцөл байдалд өөрийгөө оруулжээ.

 

Үүнийг Дундговийнхны халуухан угталт түүнд сануулав. Цаашилбал олон аймаг, дүүргийн Ардчилсан намынхан Дундговийнхон шиг тэсэрч мэдэхээр болсон байна. Говь-Алтай аймгийн Ардчилсан намынхан л гэхэд бослого тэмцэл гаргахад бэлэн байгаа ажээ. Тэд Ардчилсан намын онц их хурлыг хуралдуулах, намын дарга С.Эрдэнийг огцруулах асуудал дээр Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөнийхөнтэй санал нэгдсэн байна. Говь-Алтай аймгийн Ардчилсан намын гишүүд “С.Эрдэнэ дарга эрх мэдэл, албан тушаалаа ашиглан намын дүрмийг өөрөө дур мэдэн өөрчилж, намын даргад итгэл үзүүлэх тухай заалтыг зассан гэх мэт байж болшгүй алдаа гаргаж байна. 2020 онд АН-ыг ялуулах хүнд албан тушаалаа хүлээлгэж өгвөл яасан юм. Зургадугаар сардаа багтаан Онц их хурлаа яаралтай зарлаач” хэмээн шаардаж байгаа аж.

 

Тус аймгийн Ардчилсан намын гишүүд сумдаараа явж иргэдтэй уулзахаасаа ичих болжээ. Намын даргаасаа болоод тэр гэнэ. Хөдөөгийн иргэд Ардчилсан намын дарга МАНАН мафийн гишүүн юм байна гэж ярих болж. Яаж ч гоё яриад Ардчилсан нам С.Эрдэнэ даргатай байгаа үед олны дэмжлэгийг авахгүй болжээ гэдгийг тэд хэлж байгаа юм. Тиймээс “Ардчилсан намын удирдлагуудын хийж байгаа үйлдэл бүхэн МАНАН бүлэглэлийг хамгаалсан, хаацайлсан үйл явдал болж байна. Үүнийг гишүүд бид зүгээр хараад суух аргагүй. Онц их хурлаа зарлан хуралдуулж, С.Эрдэнийг өөрөө сайн дураараа огцор гэж шаардлага хүргүүлж байна” хэмээн олон нийтийн сүлжээгээр хийсэн бичлэгтээ дурджээ.

 

Ардчилсан намын анхан, дунд шатны байгууллагуудад үүссэн энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөн С.Эрдэнийг огцортол давалгаалах нь тодорхой болжээ. Ёстой л Эрдэнэ вангийн отог, жинсийг  хийстэл заргалдах бололтой. Аймаг, дүүргүүдийн Ардчилсан намын гишүүдийн гаргаж тавьж байгаа гол үндэслэл, санаануудыг дурдваас,

 

-С.Эрдэнэ МАН-ын дэмжлэгтэйгээр АН-ын дарга болсон.

 

-Эрх барьж байгаа намын рейтинг унаж байхад сөрөг хүчний рейтинг өсч байх ёстой. Гэтэл АН-ын рейтинг эрх баригчдаас ч илүү унаж байна.

 

-С.Эрдэнэ бүх гишүүдээсээ сонгогдсон, намайг хэзээ ч огцруулж чадахгүй гэж бодож байгаа байх. Бид нэгдэж 1990 онд үүсгэн байгуулсан ардчиллынхаа үнэ цэнийг 2020 онд хамгаалах ёстой.

 

-С.Эрдэнэ дарга өөрөө огцрохгүй бол бид огцруулна. С.Эрдэнэ биднийг АН-аас хасч, хөөж чадахгүй.

 

-С.Эрдэнэ дарга гишүүддээ дүрэм ярих атлаа өөрөө дүрмээ зассан. АН-ын гишүүдэд намын дүрэм нь одоо болтол очоогүй байгаа.

 

-С.Эрдэнэ аймаг, дүүргийн АН-ын дарга, удирдлагын томилгоонд шууд оролцож, гишүүдийнх нь бүрэн эрхэд ноцтой халдсан.

 

Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөнийхөн, Онц их хурлын төлөө хорооныхны тавьж буй С.Эрдэнийг огцруулах 15 үндэслэл оргүй хоосон биш гэдэг нь ийнхүү орон нутгийн Ардчилсан намыхны тавьсан шаардлага, шүүмжлэлээр улам баталгаажиж байна. Ардчилсан намыг 60 тэрбум, ЖДҮ, 10 сая ам.доллар гээд авлигын хэргүүдэд холбогдож нэр хүнд нь навс унасан эрх баригчдаас дор рейтингтэй сөрөг хүчин болгосон нь л С.Эрдэнийн хувьд огцрох хангалттай шалтгаан билээ.

 

Б.Дорж

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
UURUU ZUGEER L ULS TURUUS YVSAN N NEREND N TCEVER BIZDEE...NAIZ MI . ENHBOLD ,ELBEGDORJ NARAASAA SURALTCDAGGUIEE....HUG SHAARNUUD L BOLOO BIZDEE...
2019-06-24
ЭРДЭНЭ ОГЦРОХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ
2019-06-24
угаасаа үнэн
2019-06-24