Шүүх танхимаас: Завханы худалдаачдыг залилсан АХМАД настан
2019-06-25

Хоёр жилийн өмнө хэвлэлийн хурлын танхимд уулзсан эгчтэй өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд таарлаа. Сонин шүү.

 

 

2017 он. “Жи тайм” компанийн ерөнхий захирал М.Маратыг баривчлан Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн үе. Тухайн үед энэ эмэгтэй тус компанийн сүлжээний бизнест нэгдсэн хэсэг “нөхдийн” хамт мэдээлэл хийж компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахыг төр засгаас шаардаж байв. Дүрээрээ мөн. 

 

2019 он. Тэгтэл өнөөдөр Эрүүгийн хуулийн 17.3.1 дугаар зүйл ангиар яллах дүгнэлт үйлдүүлэн “шүүгдэгч” хэмээх ширээний ард сууж байна. 

 

1961 онд төрсөн, өдгөө 58 настай, тайрмал үстэй, уруулаа ув улаанаар будсан энэ “дүүхэлзсэн” бор хүүхэн уг нь дээд боловсролтой буюу инженер геодезийн мэргэжилтэй, нөхөр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг нэгэн аж. 

 

Түүний залилан мэхлэх гэмт хэрэг 2016 оноос эхлэлтэй. Анх тус онд “Жи тайм” сүлжээний бизнест элсүүлэх нэрээр бусдаас 3 сая төгрөг залилжээ. Үүнээс хойш 2017 онд Завхан аймгийн Улиастай суман дахь “Загасан нүд” зочид буудалд хоёр сарын хугацаанд байрлаж тус аймгийн худалдаа наймаа эрхлэгч 50 гаруй иргэнийг “хулхидаж” 20 гаруй сая төгрөгийг нь дөмөгхөн залилж.

 

Тус аймгийн томоохон худалдааны төвд лангуу түрээслэгч нараас:

 

1 сая 200

2 сая 400

2 сая 300

2 сая 200

1 сая 200

2 сая 400

1 сая 400 мянган төгрөгийг тус тус залилсан байна. Өөрийнхөө гэм бурууг ч шүүхийн өмнө хүлээв. 

 

Тэрбээр энергийн бугуйвч, гоёлын зүүлт, нүүрний маск, нүд амраагч, нурууны бүс зэрэг барааг гадаадаас оруулж ирж худалдаалдаг компанийн нэрийг барьж залилан хийж эхэлсэн байна. Ингэхдээ дээрх бүтээгдэхүүнээс 200 мянган төгрөгөнд худалдан авалт хийвэл 7-14 хоногийн дараагаас урамшуулал бодогдож дахин 200 мянган төгрөг “зүгээр” авах боломжтой хэмээн итгүүлжээ. 

 

Итгэж, ядсан иргэдийн дансанд урамшуулал ч ороод ирж. Энэ үед татгалзах аргагүй санал тавьсан Х-д бүгд үнэмшиж эхэлсэн аж. Харин Х хэдий нь “жижиг чулуугаар том чулуу хөдөлгөх” ухаан сийлж Улиастайг зориод байж л дээ. 

 

Хэзээ ч эргэлзэхгүйгээр итгэл төрж эхэлсэн энэ үед “Манайх хөрөнгө оруулалт хийсэн хүний мөнгийг энэ байдлаар өсгөдөг гадаадын хөрөнгө оруулалттай компани. Манай компанид элсэхийн тулд эхлээд 1 сая 200 мянган төгрөг төлж бүртгүүлэх ёстой. Энэ мөнгө 7-14 хоногийн дараа 2 сая 400 мянга болж өсөөд таны дансанд орно” хэмээхэд үг дуугүй итгэсэн байгаа юм. Заримийг нь ч “Мөнгийг нь өсгөөд өгье гэж байхад яасан хүнд итгэдэггүй юм” хэмээн бараг л загнаж байгаад элсүүлчихэж. 

 

Хамгийн харамсалтай нь энэхүү заль мэхэнд итгэсэн иргэд тэтгэврийн зээл авах нь авч, зарим нь хүнээс мөнгө хүүтэй зээлээд “тавиад туужээ”. 

 

Улсын яллагч шүүгдэгч болоод хохирогч нарын мэдүүлгийг 40-50 минут уншиж танилцуулаад суув. Үүний дараа яллагч, хохирогч хооронд багагүй мэтгэлцээн өрнөлөө.

 

Шүүгдэгч: Би олон хүн хохироосондоо гэмшиж байна. Гэхдээ хохиролтой холбоотой асуудал дээр маргаантай байна. Би өгөхгүй гэж хэлээгүй. Дахин шүүлгэмээр байна.

 

Яллагч: Таны яриад байгаа зүйл мөрдөн байцаалтын явцад тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч: Би хүнтэй хэзээ ч хэрэлдэж, маргалддаггүй. Гэтэл ... гэгч намайг өөрөө цагдаад танилтай гэж сүрдүүлж маш их дарамталсан. Гэтэл намайг өөрийг нь дарамталсан мэтээр мэдүүлэг өгсөн байна.

 

Яллагч: Тэгвэл та яагаад түүнийг буцаагаад цагдаагийн байгууллагад өгч шалгуулаагүй юм бэ, яагаад хохирол төлөөд байгаа юм бэ? 

 

Шүүгдэгч: /Тэрбээр энэ удаад дугарсангүй/

 

Яллагч: Т гэж таны хүүхэд юм уу?

 

Шүүгдэгч: Тийм

 

Яллагч: Тэгээд яагаад манай компанийн захирлын данс гэж хэлсэн юм бэ?

 

Шүүгдэгч: Мөнгө шилжүүлж авахдаа хүүхдийнхээ дансыг ашигладаг байсан юм. Энэ миний буруу. 

 

Тэр ерөөс Монгол Улсын шүүхийг ч “залилчих” санаатай байх шиг...Яллагчийн өмнөөс ч “том” дугарч “Би ерөөсөө өөртөө аваад идэж уучихсан юм байхгүй. Бүх мөнгө EASY1UP сүлжээгээр дамжин олон улсын хөрөнгө оруулалтын компанийн дансанд орсон. Уг нь Д надад пин кодоо өгчихвөл би өнөөдөр ч гэсэн мөнгийг нь буцаагаад өгч чадна. Энэ чинь бас нарийн учиртай юм шт” хэмээн давшлах юм.

 

Аливаа нэгэн хууль бус сүлжээний бизнес Монголд нутагшин үйл ажиллагаа явуулж эхлэхэд бусдаас түрүүнд очиж бүртгүүлэн мөнгө төгрөгөө авчихаад, түүндээ олныг уриалж, тархийг нь угааж суудаг хэсэг бүлэг хүн бий. Тэдний нэг нь шүүгдэгч эмэгтэй бололтой. Үүнийг нь хохирогч эмэгтэйн хэлэх үг гэрчилнэ.

 

Хохирогчид ихэнхи нь хөдөө орон нутгийнх тул төлөөлөл болох нэг бүсгүй л шүүх хуралдаанд оролцов. Тэрбээр мэдүүлэгтээ “Энэ эмэгтэй хоёр сарын турш манай аймгийн “Загасан нүд” буудалд хоёр хүүхдийнхээ хамтаар байрласан. Манай захын худалдаачид бүгд шуураад л маш их сонирхоод бугуйвч, бүс зэргээс нь авсан. Удалгүй урамшууллаа ч аваад эхэлсэн тул би ч бас үнэмшиж эхэлсэн.

 

Компанид нь элсэж 2 сая 400 мянган төгрөгтэй болохоор хүнээс хоёр сая төгрөг зээл аваад 1 сая 200 мянган төгрөг шилжүүлсэн. Урамшуулал нь орж ирэхгүй болохоор утас руу нь залгахаар сүүлдээ авахаа байсан. Утсаа авахаараа аав нас барсан, орон нутагт явна, яг одоо шилжүүллээ дансааөгчих гэх зэргээр аргацаагаад өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг буцааж өгөөгүй” гэв. 

 

Итгэмгүй зүйлд итгэдэг гэнэн зантайдаа тэр залилуулчихжээ. Шүүгч түүнээс яагаад үүнд итгэсэн, байх боломжтой зүйл үү гэдгийг нягталсан эсэхийг асуухад “Яахав дээ, хурдан их мөнгөтэй болчихъё” гэж бодоод гэдэг хариулт хэлэхэд нь урам хугарав. Яагаад, ийм гэнэн, болчимгүй, хариуцлагагүй, мэдээлэлгүй юм бэ. Яагаад хаширдаггүй юм бэ.

 

Шүүх хуралдаан 2 цаг үргэлжилсний дараа шүүгч шийдвэрээ гаргахаар хуралдаан завсарлалаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч “Хохирлоо бүрэн барагдуулаад хоригдохгүй юм гэхэд нийтэд тустай ажил хийнэ дээ” гэхэд шүүгдэгч “За ямар хамаатай юм бэ. Бурхан дээрээс харж байгаа. Бурхан гэж байдаг байхгүй юу, би өнөөдөр Есүсийнхээ номыг аваад ирсэн. Би үнэхээр аваад идчихсэн юм байхгүй. Ямар хамаатай юм, ял өгвөл өгөг” гэж даналзав. 

 

Шүүгч орж ирлээ. Ажлын тав хоногийн хугацаанд 

 

1.2 сая

2.4 сая

2.1 сая

2.2 сая

2.4 сая

1.4 сая төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлөх боломжтой эсэхийг лавлахад шүүгдэгч “Болгоё” гэв. Түүний хариулт ийм “том”. Харин гэмшиж буй нь “өчүүхэн” аж. 

 

Хохирлыг барагдуулах боломжтой гэсэн тул шүүгч шүүх хуралдааныг долоодугаар сарын 1-ны даваа гарагийн 09.00 цаг хүртэл хойшлууллаа. 

 

Хэн нэгэн үл үзэгдэгчийн гарт 1000 доллар атгуулаад хэсэг хугацааны дараа түүнийгээ 2000 болгож аваад түүгээрээ байшин бариад сайхан амьдарна гэдэг хэзээ ч биелшгүй зүйл мөрөөдсөндөө тэд алджээ. Толгойгоо ажиллуулахгүй, биеэ зовоохгүй хялбархан аргаар мөнгө олох шунал, гэнэн зан тэднийг гэмт хэргийн хохирогч болоход хүргэжээ.

 

Хэрэв танд нэр өөрчлөх, урамшуулал олгох, бараа бүтээгдэхүүнээр үйлчлэх санал тавиад хариуд нь ногдол, ашиг урамшуулал олгосноор итгэмээргүй баян болгох төлөвлөгөө танилцуулж, таныг татан оруулахыг хүсвэл хялбархан аргаа мөнгө олох, байгаагаа хурдан өсгөх шуналаа түр дараад Яаж? гэж асуугаарай. Ямар ч боломжгүй, эцэстээ элссэн сүлжээ чинь дампуурч чи эд хөрөнгө, сэтгэл зүйгээрээ хохирогч болж үлдэнэ шүү гэдгийг л сэрэмжлүүлье.

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн арчаагүй бодлын үр дагавар. Мөнгийг хөдөлмөрлөж байж олдог юм гэдгийг ухаарах л хэрэгтэй. Залилуулсан хүмүүсийн өөрсдийнх нь буруу. Хэн ч мөнгийг нь булааж аваагүй
2019-06-27
Үүнд амьдрал нийгмээс илүү өөрийн л храктер шүүдээ.
2019-06-26
Хэдэн жилийн өмнө золотая билүү үнэлгээний кампаний захирал эмэгтэй хүмүүсиын мөнгийг сүлжээ нэрээр дансанд хийлгээд дээрэмдэж байсантай адил юм. Дараа нь тэр хүмүүсээ тэнэг мангар гэж энд тэндгүй элдвээр гутаагаад зайлсан. Бүр ах дүү хүргэн бэрүүдэд нь хүртэл худал гүтгээд дууссандаа. Тийм хүмүүс авултай юм билэээ.
2019-06-26
Зочин:
Урд хормойгоо авч хойд хормойгоо нөхдөг ядуу амьдралын гай нь хүрэлцэхүйц орлоготой бол хэн ийм юм сонирхох юм ядарсан нэгнийхээ сэтгэл зүйгээр тоглож хөлжиж байгаа энэ авгайд хатуу ял өг ер нь залилангийн хулгайч нарт хүн чанар гэж байхгүй эцэг эх үр хүүхэд хэнийг ч хайрлахгүй
2019-06-26
zochin:
uum genen baij bolokhgyi odoo yay gexev yu ch olj dolookhgyi
2019-06-26
Доогий:
Яг үнэн
2019-06-26
Доогий:
Яг үнэн
2019-06-26
Ari:
Гэнэн, итгэмтгий, цайлган гэсэн үгээр шуналтай, залхуу гэдгээ хаацайлсан сүрэг орк байхад энэ мэт залилангийн хэрэг хэзээ ч тасрахгүй. Эрэлт байгаа газар нийлүүлэлт байдаг.
2019-06-25
Доогий:
Яг үнэн
Доогий:
Яг үнэн