Б.Батцэцэг: Терроризмд турхирч буй хүчирхийллийн эсрэг хүчээ нэгтгэх нь үр дүнтэй
2019-06-25

 

 

Монгол Улсын санаачилгаар Монгол Улсын Засгийн газар, ЕАБХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх газар, НҮБ-ын Терроризмтой тэмцэх албатай хамтран зохион байгуулсан “Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд нийгмийг хандуулах нь” сэдэвт бүс нутгийн дээд хэмжээний бага хурал 6 дугаар сарын 20-21-ний өдөр Улаанбаатар хотноо болсон. Бага хурлаар хэлэлцсэн асуудал, үр дүнгийн талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгээс тодрууллаа.

 

-Бүс нутгийн дээд хэмжээний бага хурал хоёр өдөр хуралдаж дууслаа. Ямар асуудал хэлэлцэв? Мөн гадаадын ямар улс, байгууллагаас төлөөлөгч оролцсон бэ?

 

-НҮБ-ын гишүүн улсын терроризмтой тэмцэх байгууллагын тэргүүн нарын  бага хурал 2018 онд болж, терроризмын эрсдэлийг арилгах чиглэлээр бүс нутгийн хурал, бусад арга хэмжээг зохион байгуулахыг чиглэл болгосны дагуу Монгол Улс энэ бүс нутгийн дээд хэмжээний бага хурлыг зохион байгууллаа.

 

Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлал нь аюултай үзэгдэл бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд учирч буй хүндрэлийг шийдвэрлэхэд хүлээцтэй хандах, олон нийтийн оролцоог хангах, шашин, соёлын ялгааг хүндлэх, харилцан ойлголцлыг бий болгох, хамтарсан стратеги боловсруулж тэмцэх нь чухал болохыг хуралд оролцогчид тэмдэглэв.

 

Хуралд оролцсон гадаадын төлөөлөгчид, Монгол Улсын Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн гишүүд, иргэний нийгэм болон хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид санал, санаачилга дэвшүүлж, ЕАБХАБ-ын зүгээс ямар дэмжлэг шаардлагатай, хэрхэн хамтран ажиллах талаар хоёр өдрийн хурлаар хэлэлцэв. Улаанбаатарын бага хуралд ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гремингер, НҮБ-ын Терроризмтой тэмцэх албаны ажилтан Мухаммад Р.Шах, ШХАБ-ын Терроризмтой тэмцэх бүс нутгийн бүтцийн (РАТС)-ийн Гүйцэтгэх хорооны захирал Жумахон Файёзович Гиёсов, Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияярто, Италийн  Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны дэд сайд Гульелмо Пикки болон гадаадын 180 орчим төлөөлөгчид оролцлоо.

 

 

-Бага хурлын үеэр олон төлөөлөгч илтгэл тавьсан. Тэдгээрийн гол санаа юу байв?

 

-Энэхүү бага хурлын үеэр тавьсан ихэнх илтгэлд терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалтай тэмцэх стратеги төлөвлөгөө боловсруулахад иргэний нийгэм, залуусын оролцоо чухал гэдгийг дурдаж байлаа. Дэлхийд тулгамдаж байгаа дээрх асуудлаарх нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж буйг анхааран, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх нь чухал болохыг олон улсын туршлагаас бид ойлгож авлаа.

 

Хүчирхийлэлд хүргэх экстремизм, радикалчлалын хүрээ өргөжин террорист этгээд, террорист бүлэглэл нь цахим орчин, шинэ технологи ашиглан залуу үед нөлөөлж байгаа энэ цаг үед үндэсний урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлж, түргэн шийдвэртэй арга хэмжээ авах шаардлага бий болж байна.

 

ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гремингер хэлэхдээ “нийгмийн бүх төлөөллийг хамруулж, асуудалд нийтийн оролцоог хангах арга замаар хандах хэрэгтэй бөгөөд олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан нийгэм нь хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалыг өөгшүүлдэггүй. Олон ургалч үзлийг бид зөрчилдөөн үүсгэх үндэс гэж харах бус харин давуу тал болгон ашиглах ёстой. Бид нийгмийн оролцоог хумих бус, тэлэх арга замаар асуудалд хандах хэрэгтэй” хэмээн тэмдэглэсэн.

 

-Бага хурлын үеэр хэлсэн зарим үг олны сонирхлыг татаж байсан...?

 

-Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар бага хурлыг нээж хэлсэн үгэндээ “хөгжиж буй улсын терроризм болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг зохих түвшинд хүргэснээр террорист этгээд болон гэмт хэрэгтний үйл ажиллагаа явуулах орон зай нь улам бүр багасна”, “Терроризм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, түүний дотор мансууруулах бодисын наймаа зэрэг нь хоорондоо уялдаа холбоотой байдгийг бид санах хэрэгтэй. Мансууруулах бодис нь сэтгэцэд нөлөөлөх бодисын хувьд хүмүүсийн оюун ухаанд нөлөөлж хүчирхийллийн хэт туйлшралд өртөмтгий болгодог” хэмээн онцолсон. Тагнуулын ерөнхий газрын дарга бөгөөд Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн дарга Д.Гэрэл “Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх нь бүс нутаг хөгжих суурь болно” гэсэн санааг илэрхийлсэн.

 

-Бага хурал үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?

 

-Хуралд оролцогчид дараах таван зүйлээр санал нэгдлээ. Эдгээр нь:

 

Нэгдүгээрт: Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлал нь дэлхий нийтийг хамарсан аюултай үзэгдэл тул НҮБ-ын дүрэмд заасан үүргийн дагуу гишүүн улс бүр үүний эсрэг хүчээ нэгтгэх нь үр дүнтэй.

 

Хоёрдугаарт: Хүний эрхийг дээдлэн, хамгаалах үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих шаардлагатай байгаа бөгөөд үүнийг хангах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байгууллагын хувьд ЕАБХАБ тэргүүлэх үүрэгтэй.

 

Гуравдугаарт: Терроризмтой тэмцэх үүргийг төр хүлээдэг боловч ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 3/18 дугаар тунхаглалд заасны дагуу терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд иргэний нийгэм, шинжлэх ухаан, судалгааны байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бизнесийн салбарын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй.

 

Дөрөвдүгээрт: Олон улсын байгууллага, хөгжингүй улсаас хөгжиж буй улсад туслалцаа үзүүлэх нь чухал бөгөөд ингэснээр терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх бололцоог зохих түвшинд хүргэхэд террорист этгээд болон гэмт хэрэгтний үйл ажиллагаа явуулах орон зай нь улам багасна.

 

Тавдугаарт: Терроризм, мөнгө угаах гэмт хэргийг санхүүжүүлдэг мансууруулах бодисын наймаа эрхлэгч гэмт бүлэглэл нь гэмт хэрэг үйлдэхдээ хөгжиж буй улсыг бай болгон ашиглаж байгаад улс бүр анхаарал хандуулах шаардлагатай хэмээн үзсэн болно.

 

Мөн хуралд оролцогчид иргэний нийгмийн оролцоог хангах, залуу үеийг чадваржуулах нь эрүүл, аюулгүй нийгмийг бүтээх үндэс суурь болно гэдэгт анхаарал хандуулсныг онцлон тэмдэглэж байна.

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин