Д.Цогтбаатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд иргэн бүрийн санал, дуу хоолой чухал
2019-06-26

 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийг энэ сарын 18-нд дуусгаж, үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжсэн.

 

Энэ хугацаанд УИХ-ын гишүүд тус тусын сонгогдсон тойргуудад ажиллаж сонгогч, иргэдтэй уулзан санал бодлоо хуваалцаж байна. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрийн сонгогдсон 59-р тойрог болох Нийслэлийн Сүхбаатар, Багануур дүүргийн найман хорооны 500 шахам иргэдтэй уулзан Үндсэн хуульд орох өөрчлөлтийн талаар иргэдийн байр суурийг сонслоо.

 

 

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 1992 онд батлагдсан ардчилсан Үндсэн хуулийн суурь зарчмыг өөрчлөхгүйгээр энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийг хийх ёстой. Өөрөөр хэлбэл сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлэх, кабинетаа өөрөө бүрдүүлж, хариуцлагаа бүрэн үүрэх ерөнхий сайдтай байх тогтолцооны давуу талын талаар саналаа илэрхийллээ. Үндсэн хууль бол нийгмийн амьдралын суурь харилцааг зохицуулсан, иргэд засаглалын хэлбэрээ сонгон, хоорондоо байгуулсан гэрээ тул ийнхүү гишүүд иргэдийнхээ саналыг сонсож байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд иргэн бүрийн санал, дуу хоолой чухал юм гэлээ.

 

 

Иргэд УИХ-ын гишүүнд хандан, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэж давхар дээл өмсөх шаардлагагүй, Ерөнхийлөгчийг ганц удаа биш ахин нэг удаа сонгож байх, УИХ-ын сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд оруулах, засаг захиргааны нэгжийг эргэж харах, байгалийн баялгийг тэгш хуваарилах зэрэг асуудлыг хөндөн саналаа илэрхийлцгээж байв.

 

Багануур дүүрэгт болсон уулзалтад хуульч, өмгөөлөгч Б.Болд оролцон энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах,  Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой дөрвөн багц асуудлын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгаад байгаа талаар танилцууллаа.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Энэ сайд огцрохгүй энд тэнд худлаа яриад явж байгаа юм бэ?
2019-06-26