ШЕЗ 10 гишүүнээс бүрдэнэ гэдгийг 9 болгох зэрэг саналыг гаргав
2019-06-26

Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд Улсын Их Хурлын 18 дугаар тойргийнхоо иргэд, сонгогчдод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, иргэд, сонгогчдын саналыг сонслоо. Уулзалтад тус аймгийн Алдархаан, Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Сантмаргац, Эрдэнэхайрхан сум, Улиастай сумын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар багийн иргэд оролцсон юм. 

 

   

Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар нэгдүгээрт, Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт, хоёрдугаарт, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт, гуравдугаарт, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт, дөрөвдүгээрт, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтүүдийг тус бүрд нь танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулж, нэмэлт тайлбар өглөө.Иргэд, сонгогчдоос Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар Үндсэн хуулийн төсөлд тусгах шаардлагагүй, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны 55 насыг багасгах, хүйсээр насыг тогтоож өгөх, шүүхийн шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж эхлэх насны тоог урагшлуулах, Ерөнхий сайд болон Засгийн газрын бүх гишүүн "давхар дээл"-гүй байхаар тусгах”, Шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнээс бүрдэнэ гэдгийг 9 гишүүнтэй болгох зэрэг саналыг гаргав. 

 

  

  Завхан аймгийн Улиастай суманд болсон энэхүү уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Эрдэнэчимэг болон албаны бусад хүмүүс оролцсон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин