Төрийн албан хаагчийн ширээний номуудыг танилцуулав
2019-06-28

 

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн чухал зорилт бол шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх, ёс зүйг дээшлүүлэх явдал юм.

 

Судалгааны байгууллагуудын хийсэн судалгаагаар иргэдийн төрд итгэх итгэл жил бүр буурч байгаа аж. Төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд төрийн албан хаагчийн ёс зүй хамгаас чухал юм. Авлига, ашиг сонирхлын зөрчлийг үүсгэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлд төрийн албаны ёс зүйн доройтол хамаардаг байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд санхүүжүүлэн Авлигатай тэмцэх газраас МУИС, Боловсролын их сургуулйн эрдэмтэн багш нарын багтай хамтран “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” нэртэй хоёр гарын авлага гаргасан байна.

 

Өнөөдөр дээрх хоёр гарын авлагыг танилцуулах арга хэмжээг зохион байгуулж, Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбат болон яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, Төрийн захиргаа, удирдлагын дарга зэрэг удирдах албан тушаалтнууд оролцов.

 

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн коммиссар З.Дашдаваа арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Төрийн албан хаагчийн ёс зүйн доройтол, ашиг сонирхлын зөрчилд өртөх магадлал өндөр байх зэрэг хүчин зүйлс нь авлигын хамгийн  их эрсдэлийг дагуулдаг. Албан хаагчид хууль тогтоомж, дүрэм журмын талаар ойлголт муутай, мэдлэг дутмагаас болж гэмт, хэрэг зөрчил үйлдэж байна. Иймд эдгээр эрсдэл, хууль бус үйлдлээс өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэхийн тулд цогц зөв мэдлэгтэй байх ёстой. Мэдлэг бол бидний чухал зэвсэг байх учиртай, хүмүүсийг гэгээрүүлэх нь тэднийг ёс зүйг дээшлүүлнэ гэсэн үг” хэмээв.

 

“Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” гарын авлага нь хууль тогтоомжийн хэрэглээний талаар зөвлөгөө, практик жишээн дээр тайлбарласан бол “Төрийн албан хаагчийн ёс зүй” ном нь төрийн албанд ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйгүй үйлдлээс урьдчилан сэргийлэхэд бусад орнуудын практикт хэрэглэдэг хандлага, менежментийн арга барилыг тусгасан, олон улсын стандартад нийцсэн гэдгээрээ онцлог юм.

 

Энэхүү гарын авлуудыг сургалтын модулийн хамт боловсруулсан бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийг мэргэшүүлэх багц сургалтад шаардлагатай иж бүрэн хөтөлбөр болно хэмээн Авлигатай тэмцэх газар үзэж байна. Тодруулбал, ёс зүй, сонирхлын зөрчлийн талаарх суурь мэдлэгийг зөв чиглэлд баталгаажуулж, сургалтын агуулга нэг чигт байх, сургагч багш нар адил тэгш мэдлэгийг төрийн албан хаагчид олгохын зэрэгцээ байгууллагууд Авлигатай тэмцэх газрын сургалтаар авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлаа хязгаарлалгүйгээр байгууллага дээрээ, дотооддоо энэхүү гарын авлагыг судлуулах, сурталчлах ажлыг зохион байгуулах боломжтой болсон гэсэн үг юм.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбат, төрийн албыг хаших шалгуур үзүүлэлт нь мэдлэг чадвар мэргэжлийн ёс зүйд үндэслэгдсэн байх, төрийн албан тушаалтан албан үүргээ хэрэгжүүлэхдээ төрийн ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхлоос дээгүүр тавьдаг, төрийн үйлчилгээ чанар, хүртээмж, үр нөлөөнд олон нийтийн хяналтыг тавьдаг эрх зүйн орчин эхнээсээ бүрдэж байна. Монгол Улсын Засгийн газраас төрийн албаны шударга байдал, иргэдээ дээдэлсэн төрийн үйлчилгээ, сахилга хариуцлагыг бэхжүүлэх нь хөгжлийн нэг тулгуур хэмээн тодорхойлж 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарласан билээ. Энэ хоёр номыг нийтэд танилцуулж байгаа нь “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн угтвар ажил болж байна. Төрийн албанд ёс зүйг чанд мөрдөх, авлига, ашиг сонирхлоос ангид байх зарчим, ил тод хариуцлагатай шударгаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, иргэн төвтэй мэргэшсэн төрийн албыг бэхжүүлэхэд гарын авлагууд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаа илэрхийлэв.

 

Улс орны хөгжлийн тулгуур багана нь чадвартай төрийн албан хаагч юм. Чадвартай төрийн албан хаагч гэдэг нь мэргэшсэн, сахилга баттай байх ёстой гэдэг философи дээр суурилан дээрх номыг боловсруулсан гэдгээ зохиогчид хэлж байна. Мөн олон улсад хийгдсэн судалгаа, эрдэм шинжилгээний өгүүллэгүүд гэх мэт Монгол болон гадаад олон эх сурвалжуудыг ашиглаж, онолын мэдлэгээс гадна ёс зүйтэй байх ур чадваруудыг баримт, дасгалуудаар дамжуулан өгөхийг зорьжээ.

Эх сурвалж: АТГ

 

Shuud.mn
Сонин хачин