Л.Энх-Амгалан 3000 гаруй иргэдтэй уулзаж,Үндсэн хуулийн өөрчлөлтийг танилцуулав
6-28

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байгаа энэ өдрүүдэд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллан, иргэд сонгогчдод төслийн талаар танилцуулж, саналыг нь сонсож байгаа юм. 

 

    Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Улсын Их Хурлын сонгуулийн 39 дүгээр тойрог буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1, 2, 3, 4, 6 дугаар баг, Жаргалант, Галт, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сумдад ажиллан, иргэдтэй уулзаж, төслийн талаар танилцуулан саналуудыг нь сонсож ажиллав. Тэрбээр 2019 оны 06 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд тойргийнхоо нийт 7 сум, хөдөөгийн 20 багт хүрч 3000 гаруй хүнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хүргэж, саналыг нь сонссон байна. 

 

 

   Тодруулбал, 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх, Хөнжил багийн 350 гаруй иргэн оролцсон уулзалтын үеэр Үндсэн хуулийн өөрчлөлт хийхээр төлөвлөсөн үзэл баримтлалыг харахад бүгд ард иргэдийн хүсдэг зөв өөрчлөлтүүд хэмээн нийтээрээ дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. 

 

    Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажиллаж, Цагаан бургас, Харгана, Галт сумын Нүхт багийн иргэдтэй уулзсан. Энэ удаагийн уулзалтад оролцсон 420 гаруй иргэн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч сумын Засаг дарга цөөн хэдэн ИТХ-ын төлөөлөгчиддөө барьцаалагдаж тэдэндээ үйлчилдэг байдлыг онцлон анхаарахыг хэлж, сум, багийн дарга нарын боловсролыг харгалзан сонгодог болгох саналыг хэлж байжээ. 

 

    Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант, Хужирт, Зүрх багийн иргэдтэй Улсын Их Хурлын дэд дарга 2019 оны 06 дугаар сарын 21-нд уулзаж, төслийн талаар танилцуулан, саналыг нь сонсоход уулзалтад оролцсон 400 гаруй иргэдээс Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүйн асуудал анхаарах, Улсын Их Хурлын гишүүд маш цөөн ирцтэй хуулиудыг баталдаг байдлыг шүүмжлэн, тэднийг сонгогчид нь эгүүлэн татдаг заалтыг төсөлд тусгуулах саналтай байгаагаа илэрхийлж байсан.

 

    

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын уулзалтад Бүгдгээн, Нарийн, Тээл багийн 500 орчим иргэн оролцож, төслийн талаарх мэдээлэл сонсов. Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүд давхар дээлгүй зөвхөн хуулиа боловсруулж баталдаг байх, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд хувийн эрх ашигт нийцүүлж төрийн нэртэй зээл, тендер, бусад давуу эрх эдлэхгүй байх зохицуулалтыг төсөлд тусгах саналыг гаргаж байлаа. 

 

    Тус аймгийн Мөрөн сумын хэсгийн ахлагч нартай 2019 оны 06 дугаар сарын 22-нд уулзаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх мэдээллийг Улсын Их Хурлын дэд дарга дэлгэрэнгүй танилцуулав. Уулзалтад 250 гаруй иргэн оролцсон бөгөөд сонирхсон асуултуудаа асууж, хариулт авсан. Энэ удаагийн уулзалтад оролцсон иргэд аймгийн төвүүдийг хотын статустай болгох шаардлагын талаар санал хэлж, энэ тохиолдолд хүн ам олонтой аймгууд өөрийн гэсэн эмнэлэгтэй болж, аймгуудын нэгдсэн эмнэлгийн ачаалал буурах ач холбогдолтой болохыг тайлбарлаж байв.  

 

    Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тахилт, Тосны гол баг, Их-Уул сумын Шивээ багийн иргэдтэй 06 дугаар сарын 23-ны өдөр уулзалт зохион байгуулсан юм. Уулзалтад оролцсон 330 гаруй иргэний олонх  1992 онд Монголын өнцөг булан бүрээс сонгогдсон 465 хүн Үндсэн хуулийг баталж байсан гэдгийг онцлон сануулж байсан юм. Харин Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Асгат, Их-Уул, Мандал багийн 290 орчим иргэнтэй 06 дугаар сарын 24-ний өдөр уулзалт зохион байгуулж, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбарыг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Энэ удаагийн уулзалтад оролцсон иргэд сумын засаг даргыг иргэдээс сонгодог болчихвол бас эрсдэл үүсэх талаар хэлж, бэлчээр хомсдож байгаагаас малчдын дунд бэлчээрээ булаалдах маргаан их гарч байгааг хэлж байсан. 

 

    

Улсын Их Хурлын дэд дарга 06 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд ажиллаж, Өвөрбулаг, Жаргалант багийн 470 гаруй иргэнтэй уулзаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулсан. Уулзалтад оролцсон иргэд Засгийн газар маш тогтворгүй байгааг шүүмжилж, үүнээс үүдэн төрийн бодлого иргэдэд хүрэхдээ удаашралтай байдгийг хэлж байлаа. Мөн Ерөнхий сайд нь мэргэжлийн багаар Засгийн газрын танхимаа бүрдүүлэх нь зүйтэй гэдэг саналыг олонтаа хэлж байв. 

Эх сурвалж: Parliament.mn

Shuud.mn
Сонин хачин
Энэ улаан дээлтэй гамин царайтай хүн хэн бэ?
2019-06-30
хужаа энхамгалан үх ярихгүй шүү
2019-06-28