Хүүхдийн мөнгийг нөхөж олгохгүй

Засгийн газраас хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох шийдвэрийг гаргасан. Ингэхдээ Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, амьжиргааны түвшин нь 670 ба түүнээс доогуур оноотой өрхийн хүүхдүүдийг хамруулах болсныг ХНХ-ын сайд мэдээлсэн юм. Хүүхдийн мөнгө олголтын явцын талаар Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэсийн мэргэжилтэн Б.Болороос тодруулахад:
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд хүүхдийн мөнгөний олголтын талаар буруу ойлголттой хүн их байна. Жишээ нь, хүүхдийн мөнгөнөөсөө хасагдсан өрхүүд 2019 онд мөнгийг нь нөхөж авна гэсэн ташаа ойлголттой байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамын дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 онд батлагдсан босго шугам тогтоох тухай тушаалын хүрээнд олгож байгаа билээ.
Өрхийн мэдээллийн судалгаанд хамрагдах хүсэлтээ өгөөгүй л бол хүүхдийн мөнгө тань орж ирэхгүй. Түүнчлэн хүүхдийн мөнгийг нөхөж олгох боломжгүй юм. Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлж, судалгаанд хамрагдсан, Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, амьжиргааны түвшин нь 670 ба түүнээс доогуур оноотой үнэлэгдсэн өрхийн нэг сая хүүхдэд энэ оны зургадугаар сарын 1-ээс олгож эхэлсэн.
Тиймээс иргэд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хүсэлтээ баталгаажуулах, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ дүүрэг, сум дээрээ очиж гаргах боломжтой юм. Хүсэлт гаргасан материалыг нь үзээд 670 оноонд хамрагдвал хүүхдийн мөнгө олгох хэмээв.
И.Сарангоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ