Н.Энхбаяр: Ард түмэн анхдагч байх ёстой
2019-06-28

 

Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж, дэмжсэн. Тиймээс хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэхээр УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг танилцуулж, санал сонсож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан МАХН-аас цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  МАХН-ын дарга Н.Энхбаяр:

 

-Бид УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт хандаж МАХН-ын саналаа хүргүүлж байна. Хамгийн гол нь бид төслөө ард түмэндээ хүргэхийг зорьж байна. Бид УИХ-ын дарга Г.Занданшатартай ярьсан яриандаа ач холбогдол өгч байгаа. Манай намаас хүргүүлж буй саналыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан  заалтуудтай харьцуулан үзэж аль нь нийгмийн бүхий л талыг тусгасан байна вэ гэдгийг тунгааж үзэхийг хүсье. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг  УИХ-д суудалгүй улс төрийн  намууд, иргэний хөдөлгөөний байгууллагууд мөн  ард түмний шууд оролцоотойгоор саналыг нь авах замаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах боломжтой гэж үзэж байна. Төлөөллийн ардчилал гэж байхгүй. Тийм учраас нийт ард түмнээрээ хэлэлцүүлэх нь зүйтэй. Хуулийн өөрчлөлтийг нэг нам дангаараа хийж болохгүй. Энэ нь хаана ч байдаггүй жишиг. Нэгдүгээт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх гэж байгаа бол хийсэн шиг хийх буюу онолынх нь дагуу судалгаатай хийж хуулийн төсөлд орж буй заалт бүхэн хэдэн хүний эрх ашгийг хөндөж, хэдэн хүнд өөрчлөлт авчрах вэ гэдгийг тодорхой тоо, баримттайгаар илэрхийлж  үндэслэлүүдээ гаргахыг хүсч байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь  зөвхөн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ хуваарилах, албан тушаалынхаа хугацааг уртасгах эсвэл богиносгох тухай асуудал огт биш. Хүн бүхэнд өр өгөөж өгөх хуулийн өөрчлөлт байх зарчимд нийцүүлэх ёстой.  Гуравдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмний дунд чөлөөт, шударга  хэлэлцүүлэг   зохион байгуулж түүнээс гарсан санал, зөвлөмжийг тусгаж шийдвэрлээч гэсэн гурван саналыг  бид дэвшүүлж байгаа юм.

 

Мөн байгалийн баялгийн асуудлыг тодорхой болгох хэрэгтэй.  27 жил бид байгалийн баялгийн талаар ярилаа, шүүмжиллээ. Гэтэл хуулийн өөрчлөлтөөр дахиад л хэвээрээ, байгалийн баялаг төрийн өмч хэвээрээ гэж үлдээх юм бол өмнө нь, хойно нь ямар ч үг бичлээ гээд иргэдэд өгөөжтэй шийдэл болж чадахгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд боловсрол, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэрхэх вэ гэдгийг орхигдуулсан. Өнөөдөр олон хүн эмнэлгийн үйлчилгээг авч чадахгүй нас барж эсвэл тахир дутуу болж байна. Энэ бүх нийгмийн асуудлыг хэрхэх вэ гэдэг нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд  мөн л тодорхой бус. Ард түмэн анхдагч, төр засаг хоёрдогч гэсэн онолын зарчмаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд суулгах шаардлагатай. Өнөөдөр эсрэгээрээ ард түмний гадныханы хойно буюу  хамгийн сүүлд орно. Дараагийн асуудал  бол хууль шүүхийн байгууллага маш будилаантай байгууллага болж хувирсан. Шүүхийн алдаа дутагдлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан одоогийн заалтаар засаж чадахгүй. Засвал зассан шиг засах ёстой. Энэ талаар манай намаас тодорхой саналууд гаргасан. Хүний эрх, эрх чөлөөний тухай асуудал Монголд мартагдлаа. 21-р зуунд эрүүдэн шүүлтийн асуудал Монголд яригдаж байна. Энэ бол туйлын хоцрогдсон, оюун ухаан, улс төрийн соёлын хувьд ч тэр төрийн тогтолцооны хувьд ч тэр  шүүх нь дээд зэргийн хараат байдалд орсноос гадна хэлмэгдүүлэлтийн байгууллага болсон. Ийм газар л эрүүдэн шүүлт бий. Үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хэрхэн засах талаар манай нам мөн саналдаа тусгасан хэмээн мэдээлэв. МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Үндсэн хуульд “байгалийн баялаг ард түмний өмч гэсэн. Мөн дараагийн заалт нь төрийн өмч байгаа гэж заасан. Үүнд заалтыг өөрчлөх хэрэгтэй юу?

 

-Гадаадынхан Монголчуудыг “Алтан дээр суусан гуйлгачин” гэдэг. Энэ нь хэдэн дарга нар нь байгалийн баялгаа авч, оффшор дансандаа нуугаад, ард түмэн эмнэлгээр ч үйлчлүүлж чадахгүй байна гэсэн агуулга. Байгалийн баялаг төрийн өмч мөн гэдгийг Үндсэн хуульд бичсэн. Дарга нар л захиран зарцуулах шийдвэр гаргана. Тиймээс л хүн бүр УИХ-ын гишүүн болох гээд байна. Одоо УИХ-ын гишүүн бүрийн цаана лиценз байгаа. Эрх баригчид өмчийн хэлбэрийг өөрчлөөгүй байж ард түмний сайн сайхны төлөө байгалийн баялгийг зарцуулна гэж байхгүй. Үүнийг бид өөрчлөлт гэж үзэхгүй. Харин МАХН  “байгалийн баялаг төрийн өмч байж болохгүй. Ард түмний өмч байх ёстой” гэдгийг онцолж, гэрчилгээ авах ёстой гэж үзэж байна. Тэр гэрчилгээгээрээ байгалийн баялгий хувь хишгээ хүртэнэ. Эмнэлэгт үнэгүй үйчлүүлнэ, их, дээд сургуульд үнэ төлбөргүй сурна. Үүнийг МАХН санал болгоод байгаа юм.

 

-Ерөнхийлөгчийг нэг удаа 6 жилийн хугацаатай сонгох заалтыг та хэрхэн үзэж байна вэ?

 

-Ерөнхийлөгчийг ард түмэн сонгох ёстой. Ерөнхийлөгч Засгийн газрыг байгуулж, толгойх хэрэгтэй. Харин УИХ бол хууль тогтоох ажлаа л хий. Гэтэл өнөөдөр УИХ нь Засгийн газраа байгуулж, ялсан намын дарга Ерөнхий сайд болж, том компаниудын захирлыг Засгийн газрын гишүүнээр бүрдүүлэх гээд байна. Энэ бол буруу. Тэгээд Ерөнхийлөгчийг 6 жилээр сонгох ч хэрэггүй.

 

-Улс төрийн намтай холбоотой заалттай санал нэгдэж байна уу?

 

-Бид өөрсдийн боловсруулсан Дээд Үндсэн хуулиндаа сум ба түүнээс доош намын гишүүнчлэлийг дэмжихгүй гэсэн заалтыг тусгасан. МАН-ын голлон оруулж ирж байгаа Үндсэн хуулий нэмэлт өөрчлөлт яваандаа хоёр ч юм уу, нэг нам дангаар үлдэх, тэр намын дарга дарангуйлагч болох, хууль, шүүхийн байгууллагыг өөрсдийн эрх мэдлийн болгох өнөөдрийн тогтолцоог боловсронгуй болгон оруулж ирж байгаа учир дэмжихгүй байгаа юм. Сугалаагаар хэлэлцүүлэг явуулж байна. Би Д.Лүндээжанцан руу утасдаж, Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оръё гэсэн. Гэтэл “Сугалаагаар хүмүүсийг хамруулсан. Та сугалаанд азгүй” гэж хэлсэн. Г.Занданшатартай хэдэн хүний эрх ашигт нийцэж байна, олон хүний эрх ашигт нийцэж байвал дэмжинэ гэж тохирсон. Эхний заалт нь УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч гэсэн 77 хүнд, дараагийн нь УИХ-ын 76 гишүүнд, Ерөнхийлөгчид ашигтай 3 заалт байгаа юм. Тийм учраас бид үүнийг дэмжихгүй байгаа юм.

 

Бид дээд боловсролыг төр, засгаас төлбөрийг нь даадаг болвол жилд 250 мянган залуус баярлана, байгалийн баялгийг хүн бүрт хуваарилвал 3 сая хүн баярлана. Аль болох олон хүн баярлана. УИХ-ын гишүүд хөдөө явж байгаа нэртэй төрийн албан хаагчдыг хүчээр дуудан суулгаж, хэлэлцүүлж, ард түмний санал асуулга авч байгаа нэртэй хэлэлцүүлгийг битгий дэмжээрэй. МАН-ын санал болгож байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг эсэргүүцэж, бидний тавьж байгаа, нийт монголчуудад ашигтай төслийг дэмжихийг уриалж байгаа юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин