“Залуусын хот” сэдвээр М.Халиунбат илтгэл хэлэлцүүллээ
2019-06-28

“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” өнөөдөр “Blue Sky” зочид буудлын хурлын танхимд болж байна. Форумын үйл ажиллагаа одоо илтгэл хэлэлцүүлгээр үргэлжилж байгаа юм.

 

Эхний илтгэлийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Х.О.Т концепц” сэдвээр хүргэсэн бол дараагийн илтгэлийг нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат “Залуусын хот” сэдвээр танилцууллаа.

 

 

Тэрбээр илтгэлдээ “Монгол Улс залуучуудын хөгжлийн индексээрээ 170 орноос 49 дүгээрт жагсдаг. Залуусын хөдөлмөр эрхлэлтийн хандлага нь тасралтгүй шинэ юм сурах, ажлын цагийн болон байршлын уян хатан байдлыг чухалчилдаг, шинэ сорилтуудыг туршдаг байна. Ирэх 10 жилд нийслэлд шинээр 390 мянган ажлын байрны эрэлт үүснэ. Өнөөгийн залууст боловсрол мэдлэг, хөгжих орчин, амьдрах орчин, ажлын байр, эрүүл мэнд, нийгмийн нөхцөл байдал гэсэн хэд хэдэн тулгамдсан асуудлууд байна. Мөн залуусын амьдрах орчны хүрээнд нийслэлд 392.400 орон сууцны эрэлт бий. Нийслэлээс залуусын хөгжих боломжийг бүрдүүлэх чиглэлд “Улаанбаатар инновацийн төв” болон үйлдвэр, технологийн паркууд байгуулж байна” хэмээсэн юм.

 

Илтгэлийн хүрээнд хувийн хэвшил, шинжлэх ухааны академийн төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон хэлэлцүүлэг өрнүүлэв.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин