АН: Иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр мэдээлэлгүй байна
2019-07-01

 

УИХ дахь АН-ын зөвлөлийн хурал өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын зөвлөлийн удирдлага мэдээлэл хийв. УИХ дахь АН-ын зөвлөлийн хуралдаанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү оролцсон байна. УИХ дахь АН-ын зөвлөл,  УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар  Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах төсөлд хамтарч ажиллаж байгаа юм. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг УИХ хийсэн. Сая гишүүд орон нутагт Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл хийсэн. АН Үндсэн хуулийн нэгдүгээр хэлэлцүүлэгт оролцоогүй. Бид иргэдийнхээ санал бодлыг сонсох байр суурьтай байгаа. Иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэлгүй, мэдээлэл хомс  байна. Тиймээс ч уулзалтад оролцохгүй байна. Үүнээс гадна иргэд ёсгүй эрх баригчдаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг батлуулах ёсгүй гэсэн байр суурьтай байна. Бид огт мэдээлэлгүй байж Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд санал өгөх вэ гэж байна. Тийм учраас өнөөдөр АН-ын зөвлөл хуралдаад УИХ-ын чуулганы болон байнгын хорооны хэлэлцүүлгийг хойшлуулж, иргэдээ мэдээлэлжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. 10 дугаар сард болох Ард нийтийн санал асуулгад ач холбогдол өгөх ёстой. АН-ын зөвлөл Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцохгүй гэдэг байр сууриа илэрхийлж байна. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт ирсэн иргэдтэй уулзахад саналыг нь тусгаагүй байна гэж байна. Тухайлбал, "давхар дээл"-ийг байхгүй болгоё гэсэн санал тусгагдаагүй байна гэж байна. Энэ парламентын эрх баригчид 65 байснаа нэг нь хүчингийн хэрэгт холбогдоод 64 болсон. 64 гишүүнээс 49 нь ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон. Хүссэн саналууд нь ороогүй, батлах гэж байгаа хүмүүс нь ёсзүйгүй хүмүүс байна гэж иргэд үзэж байна хэмээн мэдээлэв. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

 

-УИХ-ын дарга АН-тай ойлголцохоор уулзаж байгаа гэсэн. Ойлголцолд хүрээгүй гэж үзэж болох уу?

 

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

 

-УИХ-ын даргатай Үндсэн хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийн үеэр уулзсан. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр уулзалдаагүй байна. Ард нийт Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэлгүй байна. Тиймээс бид ард иргэдийнхээ талд байна. 

 

-Сөрөг хүчний байр суурь Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд жинтэй тусахгүй нь?

 

-Эрх баригчид 64-үүлээ оролцоод хэлэлцэн батлах эрх нь нээлттэй. Үндсэн хуулийн өөрчлөлтөд хот тосгоны, засаглалын асуудал гээд зөрчилтэй зүйл байгаа. Үүнийг эрх баригч хүчний гишүүд ойлгох байх. 

Shuud.mn
Сонин хачин