ОХУ: Цэргийн 1.3 мянган албан хаагчийг Эрхүү муж руу илгээлээ

ОХУ-ын Батлан хамгаалах яам үерт автсан Эрхүү муж руу 1.3 мянган цэргийн албан хаагч, 300 орчим техник илгээсэн талаар ТАСС агентлаг мэдээллээ.
“Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн шийдвэрээр Оросын Батлан хамгаалах яам Эрхүү муж дахь үерийн хор уршгийн улмаас хохирсон иргэдэд тусламж үзүүлэх хүн хүчний тоог нэмэгдүүлж байна. Онц байдал тогтоосон бүс рүү 1300 гаруй цэргийн албан хаагч, цэргийн болон тусгай 300 техник, нэг Ан-12 онгоц, Ми-8 нисдэг тэрэг хоёрыг илгээлээ” хэмээн Оросын БХЯ-ны мэдэгдэлд дурджээ.
Эдгээр цэрэг, техникээс 130 орчим цэргийн албан хаагч, 60 орчим инженерийн цэргийн техник, 120 гаруй цацрагийн, химийн болон биологийн хамгаалалтын цэргийн техникийг Эрхүү мужийн Тулунск, Чунск районуудад байршуулан, ариутгал, үеийн хорш уршгийг арилгах, хохирогчдод эмнэлгийн тусламж үзүүлэх, биологийн нөхцөл байдалд мониторинг хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэх байна. Мөн агаараас хоёр нисэгчгүй нисэх төхөөрөмж ажиллан тандалт хийх аж.
Эргэн сануулахад, Эрхүү мужид аадрын улмаас үер бууж, олон суурин усанд автсан юм. Сүүлийн үеийн мэдээллээр тус мужийн 55 сууринд 9.8 мянган хүн амьдардаг 3.3 мянган байшин, 3.5 мянган эдлэн газар, 13 гүүр, автозамын хэсгүүд усанд автжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ