Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах хандлагыг эергээр өөрчлөх хэрэгтэй
2019-07-02

 

Дэд бүтцийг сайжруулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд оролцох боломжтой

 

 

Ерөнхий сайдын ивээл дор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессийн Шангри-Ла зочид буудлын ёслолын танхимд өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээнд Ази, номхон далайн 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцож, өөрийн орны сайн туршлагаа ярьж, хэлэлцүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ:

 

 

-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар Та бүгдтэй хуваалцах ололт амжилт, туршлага сургамж арвин бий.  Бас та бүгдтэй зөвлөлдөх, та бүгдээс суралцах асуудлууд ч цөөнгүй байгаа. Та бүгдийн туршлага, зөвлөмж, шийдлийг бид хүлээн авч бодлого, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд бэлэн байна. Ийм ч зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн  хөгжүүлэх  Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгрессыг Ерөнхий сайд миний бие өөрийн ивээл дор зохион байгуулж байна.

 

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 105,7 мянган иргэн амьдарч байна. Бид энэ хүмүүстээ анхаарал халамж тавьж, хүн бүрт хүрч ажиллах үүрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, салбар дундын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулан ажиллуулж байна.

 

Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийг салбар бүрт ханган ажиллах, үндэсний зөвлөлд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхиий  дэд болон салбар зөвлөл бүх яам, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд ажиллаж байна. Үүний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал зөвхөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хариуцах асуудал гэсэн хандлага өөрчлөгдөж, салбар дундын асуудал, бүхий л салбарт хамааралтай гэдгийг ойлгож, олон ажлыг санаачлан хийдэг боллоо. Манай Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэднийг боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт зэрэг төрийн бүх үйлчилгээнд хамруулахыг зорьж байна. Иймд салбар дундын зохицуулалтыг хангахын тулд 2018 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийганх удаа байгуулан ажиллаж байна.

 

Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын асуудалд ихээхэн анхаарч ажилласны үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 15 нэр төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийг нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас үзүүлж байна. Эдгээр арга хэмжээнд жилд зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0,7хувийг эзэлж байгаа юм.

 

Ийнхүү Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын баталгааг хангах, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр нийгмийн халамжийн арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг хамруулж байгаа төдийгүй тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг байнга нэмэгдүүлэхэд анхаарч байна. Өнгөрсөн онд нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэврийг, энэ 6 дугаар сард байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ асардаг эцэг эхчүүдэд олгодог тэтгэмжийг тус тус нэмэгдүүлж, амьжиргааны доод түвшинд хүргээд байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг 2019 ондашиглалтад оруулж, 6 аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолборын барилгын ажлыг эхлүүлээд байна. Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн олон ажил хийж байгаа хэдий ч тэднийг ажил, орлоготой байлгах, сурч, боловсрох нөхцөлөөр бүрэн хангах, нийгмийн хамгааллын тусламж, үйлчилгээний хүртээмж, хэмжээг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй  иргэдэд хандах олон түмний хандлагыг эергээр өөрчилж нийгмийн болон орчны саад бэрхшээл, ялгаварлан гадуурхалтыг арилгах чиглэлээр хийх ажил, шийдвэрлэх олон асуудалд онцгой анхаарч хэрэгжүүлэн ажиллах ёстой. Дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийг сайжруулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд оролцох, ажиллаж хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломжтой болно хэмээлээ.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангахад анхаарч ажиллана

 

 

ХНХ-ын сайд С.Чинзориг:

 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Аж ахуй нэгжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах квот тогтоох, ажлын байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий болгохыг дэмжин ажиллаж байна.  Засгийн газар Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн халамжийг сайжруулах зорилгоор тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг олгож байна. Амралт, орон сууцны үнийн хөнгөлөлт эдлүүлж байгаа юм. Засгийн газрын тогтоолоор байнгын асаргаа шаардлагатай тэтгэлгийн хэмжээг амьжиргааны доод түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж байгаа юм. Эрүүл  мэндийн даатгалд нийт иргэдийн 90 орчим хувь нь хамрагдаж байна.

 

Цаашид Засгийн газар төрийн бодлого шийдвэрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгох, оролцоог хангахаар ажиллаж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудтай үр дүнтэй ажиллахаар төлөвлөж байна.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулахад бид хүний тулгамдсан асуудал болоод байна.

 

Г.Өнөрбаяр: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрт илрүүлэгийн төслийг хэрэгжүүлж байна

 

 

Конгрессын бэлтгэлийг хангах хүрээнд зургаан дэд ажлын хэсэг бүхий Техникийн ажлын хэсгийг ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраас зарим зүйлийг тодруулахад:

 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс болж байна. Өмнөх гурван конгрессийг төрийн бус байгууллагууд зохион байгуулж байсан. Энэ удаагийн конгрессийг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудалд Монгол Улсын Засгийн газар ач холбогдол өгч, анхаарал хандуулж байгаагийн илрэл.

 

Өнөөдрийн олон улсын конгресст 43 орны төлөөлөл оролцож байна. Энэ хурлаар Ази, Номхон далайн бүс нутгаас ямар улс орнуудын бодлого хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ сайн хүрч байгаа, өмнөх конгрессийн тунхагаа хэрхэн хэрэгжүүлэв, энэ бүс нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг яаж авч хэлэлцэх вэ, хүн бүрт тэгш хүртээмжтэй бодлогыг улс орнууд бий болгож, Засгийн газар үүрэг хүлээх ёстой гэдэг асуудлыг хэлэлцэнэ.

 

-Төрийн бус байгууллагууд өмнөх конгрессийг зохион байгуулж байсан гэж байна. Засгийн газрын зүгээс төрийн бус байгууллагад ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их тусламж үзүүлж байгаа нь иргэний нийгмийн байгууллага. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн оролцоо, үүсэл санаачлагаар байгуулагдсан төрийн бус байгууллагаараа дамжуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Бусад улс орнуудад ч ийм жишиг байдаг. Манай улсын хувьд иргэний нийгмийн мэргэшсэн байгууллага бий. Төрийн зүгээс эдгээр байгууллагаар дамжуулан төрийн тодорхой ажил үүргийг хэрэгжүүлэх ёстой юм. Өнөөдрийн чуулганаар Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудыг нэгтгэж, нэгдсэн холбоо байгуулах хэрэгтэй гэж үзэж байна.

 

-ХНХЯ-наас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулахад цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?

 

-Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн  хамгааллыг сайжруулах зорилгоор бодлого, зорилтоо хэрэгжүүлэн явж байна. Юуны өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асаргаа, асарч байгаа хүмүүсийн тэтгэмжийг нэмэгдүүлсэн. Эдгээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал дээр онцгой анхаарч байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, Засгийн газрын тогтоол шийдвэрээр хөгжлийн  бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй аж ахуйн нэгжүүдийн хураамжийг нэмсэн. Тэр хураамжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд зарцуулж ирсэн. Энэ зарцуулалтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө хариуцаж ажилладаг. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрт илрүүлэг чухал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оношыг эрт илрүүлж, эмчилж чадсан тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн түвшин буурах боломж байдаг. Энэ тал дээр манай яам анхаарч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрт илрүүлэгийн төслийг хэрэгжүүлж байна. Зургаан аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах төвийг байгуулж байна. Тэнд өөрсдийн асуудлаар шийдвэрлэх чиглэлээр орон нутгийн байгууллага, бусад байгууллагатай хамтарч ажиллах сайн жишгийг нэвтрүүлж байгаа. Саяхан 250 ортой хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Хөгжлийн төв ашиглалтад орсон. Тэнд асаргаа, сувилгаа, эмчилгээг явуулснаар ахиц дэвшил гарна гэж бодож байна. Ирэх жилээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын ордон барьж, байгуулах ажлыг эхлүүлнэ. Ингээд үзэхэд бүс нутгийн түвшинд Монгол Улсад сайн жишиг бий болж байгаа.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресст оролцогчдын сэтгэгдлийг сонслоо.

 

 

Төр, засаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ анхаарч эхэлж байгаад баяртай байна

 

Сэтгүүлч Б.Оргодол:

 

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс Монголд анх удаа явагдаж байгаад баяртай байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн нийгмийн амьдралд оролцуулах асуудлаар төр засгаас анхаарч байгаад баяртай байна. Манай хөгжлийн бэршээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах талаар олон асуудал байна. Төр, засаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ анхаарч эхэлж байгаад баяртай байна. Төрийн хийх ажил их байгаа. Нийгмийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй.

 

Олон улсын туршлагыг судлах том боломж

 

Зохион байгуулагч Б.Болороо:

 

-Монгол Улсад олон улсын конгресс зохион байгуулагдаж байгаа нь дэвшилттэй зүйл. Монгол Улс юу хийсэн байна, Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд ямар түвшинд байна гэдгийг дүгнэх боломжтой юм. Бид хурлын үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд хамруулснаар ямар үр дүнтэй байдаг туршлага судална.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийг хүртээмжтэй болгох  шаардлагатай

 

“ЖАЙКА”-гийн мэргэжилтэн Чиба Хисао:

 

-НҮБ-гийн Конвенцид нэгдсэн орсон улс орнууд Засгийн газрын түвшинд авч хэлэлцдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бусдаас ялгаварлан гадуурхах явдал багасч байгаа гэж үзэж байна. Аливаа улс оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн хүртээмж чухал байдаг. Аливаа улс орон дэд бүтцийн асуудлыг хангахгүй байгаа нь ялгаварлан гадуурхаж байна гэж үзэж байна. Монгол Засгийн газар дэд бүтцийн хүртээмжээ сайжруулах асуудлаар шуурхай арга хэмжээ авах шаардлагатай гэв. 

 

Энэ удаагийн Конгресс “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа”, “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаын сайн туршлага”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангахад чиглэсэн бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа: 2015 оноос хойших ололт амжилт болон тулгарч буй бэрхшээл” гэсэн гурван сэдвээр нэгдсэн хуралдаан, 18 салбар хуралдаан хийх бөгөөд салбар хуралдаанд 72 илтгэл хэлэлцэх юм.

Н.Энх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
odoo l neg nyd ni neegdej , tolgoi ni ajillaj ehelj baigaa um bizdee, sain l baina
2019-07-03