Эрдэнэс Тавантолгой ХК-ийн "нэг толгой"

УИХ-ын чуулганы 2018 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 30 хүртэлх хувийн хувьцааг Олон улсын хөрөнгийн биржээр арилжаалж, хөрөнгө босгох шийдвэр гарсан байдаг. Улсын томоохон төслийн 30 хүртэлх хувийн жижиг хэсгийг олон улсын зах зээлд гаргаж чадвал Монгол Улсын үнэлгээ өсөх, удирдлагаа алдахгүйгээр төслийн хөрөнгө оруулалтыг босгох, тус компанид тавигдах хяналт, менежмент олон улсын түвшинд хүрэх гээд манай улсад маш ач холбогдолтой төсөл байсан юм. Байсан юм хэмээн тодотгож буй шалтгаан нь энэ төслийг хариуцсан дэд захирал Т.Цогтбаярын ажлын арга барил, мэргэжлийн ур чадварын онцлогт тохируулсан хэрэг.
Тэгвэл төсөл хариуцагч Т.Цогтбаяр гэж хэн бэ?
Өвөрхангай аймгийн 8 жилийн дунд сургуулийг бүрэн дунд боловсролоор дүүргэн хотод ирж Хөнгөн үйлдвэрийн техникумыг “Ноосон нэхмэлийн технологич” мэргэжлээр боловсролын гараагаа эхэлсэн тэрбээр “Хан Уул” их сургуульд үргэлжлүүлэн суралцаж, Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг авчээ. Мөн Мэргэжлийн нягтлан бодогчийн институдад 21 хоногийн, Японы үнэт цаасны хяналтын хороонд 7 хоногийн, Санхүүгийн зохицуулах хороонд 14 хоногийн дамжаанд сурч мэргэжил дээшлүүлсэн байна.
Ажлын туршлага гэвэл анх Жаст Групп ХХК-д албаны даргаар ажиллаж байсан тэрбээр дараа нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд ерөнхий аудитороор ажиллажээ. Тэгээд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын зөвлөх болж, улмаар "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Стратреги, Хөгжлийн газар хариуцсан дэд захирал болж одоог хүртэл уг албыг хашиж байна.
Сарын 10 сая төгрөгийн цалинтай, улсаас өгсөн машинтай, жолоочтой тэрбээр гол ажлаа умартаад удаж байна. УИХ-аас "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг олон улсын биржид гаргах шийдвэр гараад бүтэн нэг жил болж байхад одоог хүртэл торойх ажил түүнээс гарсангүй, өдөр хоног өнгөрсөөр. Энэ хугацаанд хамаатан нь тус компанид ажилд орж мөн өөрөө хамгийн олон гадаадад (ихэвчлэн БНХАУ-д) томилолтоор явсан тоо байдаг.
Нөгөө л танил дүр зураг. Алийн болгон улсын ажил гэхээр хариуцсан хүмүүс нь ийм дампуу байх ёстой юм бэ? Эдийн засагч Л.Наранбаатар Эрдэнэс Тавантолгойн Улаанбаатар дахь төв оффист ажилладаг 242 хүний нэрсийг зарласан. Тэр дунд орон тоо бөглөгчид нэг үгээр хэлбэл хэн нэгэн эрх мэдэлтний татаасны хүмүүс цөөнгүй байгааг тэрбээр мөн онцолсон байгаа.
Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, улсын эрх ашгийг хөндсөн төслийг хэрэгжүүлэх чадвартай, нүүр тахлах олон чадварлаг залуус байна. Улсын хөгжилд хэрэгтэй энэ мэт олон төсөл ийм дампуу байдлаас болж зогсохоос гадна энэ бүх шударга бус нийгмийг хараад чадварлаг залуучууд эх орноосоо гарч цүнх баригчид үлдэж байна.
Ноосон нэхмэлийн технологичтой гадаадын хөрөнгө оруулагчид, нүүрсний магнатууд юу ярьж, яаж хэл ус нэвтрэлцэх вэ, Д.Сумъяабазар сайдаа?!
Б.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ