БНАСАУ-ын эсрэг тавьсан хоригийг зөөлрүүлэхийг Ши Жинпин уриаллаа 
2019-07-02

 

БНХАУ-ын дарга Ши Жинпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад хандан БНАСАУ-ын эсрэг тавьсан хоригийг зөөлрүүлэхийг уриалсан тухай Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдлээ. 


“Ши Жинпин Осакад болсон G20 дээд хэмжээний уулзалтын үеэр Хойд Солонгосын талд уян хатан хандаж, тэр дундаа БНАСАУ-ын эсрэг тавьсан хоригоо зөөлрүүлэхийг уриалсан” гэж хэвлэлийн бага хурлын үеэр Ван И мэдэгджээ. 


Түүнчлэн хэлэлцээрийн замаар бүхий л талуудын болгоомжлолыг шийдэх шийдэл олох ёстой гэж Ван И цохон тэмдэглэсэн байна. 


Эргэн сануулахад, 2018 онд Трамп болон Ким Жон Ун нар Сингапурт анх удаа уулзан, энэ дээд хэмжээний уулзалтын дүнгээр хамтарсан баримт бичигт гарын үсэг зурж байв. Улмаар Вашингтоны зүгээс аюулгүй байдлын баталгаа өгөхийн хариуд Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үүрэг хүлээсэн юм. 


Хоёр дахь дээд хэмжээний уулзалт 2019 оны хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Ханойд болж, тэд дахин хамтарсан баримт бичигт гарын үсэг зураагүй, хоёр тийш буцаж байв. 


Харин өнгөрсөн ням гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгост хийсэн айлчлалынхаа хүрээнд хоёр Солонгосын хил дээрх цэрэггүй бүсд очин, Ким Жон Унтай уулзсан бөгөөд энэ уулзалтын төгсгөлөөр тэрбээр мэдэгдэл хийхдээ дахин уулзахыг хүлээж байгаагаа онцолж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин