Украинд эсэргүүцлийн шинэ давалгаа эхэллээ 
2019-07-03

Зургаан жилийн өмнө Евромайдан хувьсгал өрнөсөн, Украины нийслэлийн Тусгаар тогтнолын талбай дээр эсэргүүцлийн шинэ давалгаа эхэллээ.  Энэ удаад украинчууд Виктор Януковичийн захиргааны тэргүүнээр ажиллаж байсан Андрей Клюев болон блогчин Анатолий  Шарий нарыг Радын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг эсэргүүцэн жагссан талаар Лента.ру мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, Тусгаар тогтнолын талбай болон Европын талбай дээр хүмүүс олноор цугларсан бөгөөд цагдаагийнхан одоогоор оролцогчдын тоог нарийн гаргаагүй байгаа гэнэ. 


Энэ жагсаалыг Украины Ерөнхийлөгч асан Петр Порошенко дэмжин, “Манай баг арга хэмжээнд нэгдэнэ” хэмээн Телеграмд бичжээ. 


Жагсагчдын өгүүлснээр “Украинд сүүлийн таван жил амьдраагүй, хуулийн дагуу бүртгүүлэх ямар ч боломжгүй хүмүүсийг бүртгэснийг эсэргүүцэн” ийнхүү жагсаж байгаа аж. 


Клюев болон Шарий нар Радын сонгуульд оролцохоор болсон талаарх мэдээлэл долоодугаар сарын хоёрны өдөр гарсан бөгөөд энэ хоёр нэр дэвшигч хоёулаа Украины хууль сахиулах байгууллагуудаар шалгагдаж байгаа гэнэ. Клюевийг өмч хөрөнгө шамшигдуулсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, жагсаал цуглаанд саад болсон хэрэгт сэжиглэж байгаа бол Шарийг гэмт хэргийн талаар зориуд хуурамч мэдээлэл өгсөн хэргээр цагдаагийнхан эрэн сурвалжилж байгаа юм байна. 


Энэ сарын 21-ний өдөр Украины Парламентын ээлжит бус сонгууль болно. Ээлжит бус сонгууль хийх болсон шалтгаан нь, Украины шинэ Ерөнхийлөгч Владимир Зеленский үүрэгт ажилдаа орсныхоо дараа ард түмний зүгээс Радад өгөх итгэл маш бага гэж үзэн парламентаа тараасан юм. 


Эргэн сануулахад, өнөөдөр ийнхүү киевчүүд жагсаж байгаа талбай дээр зургаан жилийн тэртээ Евромайдан гэх нэршлийг авсан эсэргүүцлийн жагсаал эхэлж байлаа. Тодруулбал, 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Киев хотын төвд олныг хамарсан эсэргүүцлийн давалгаа эхэлж, Украин болон Европын холбоо хоорондын гэрээнд гарын үсэг зурахаар Засгийн газар бэлдэж буйг эсэргүүцэж байлаа. 


Тайван эхэлсэн жагсаал яваандаа эмх замбараагүй байдалд шилжин, зэвсэгт мөргөлдөөн гарч, улмаар Украины зарим бүс нутгууд салан тусгаарлах тэмцэлд нэгдсэн бол Крымийн хойг олон нийтийн санал асуулгаар ОХУ-ын харьяанд шилжиж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин