Наадмаар албаныхан ингэж ажиллана
2019-07-03

Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, МХЕГ, ОБЕГ хамтран мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Баяр наадмын үеэр НМХГ-ын даргын баталсан А/42 тоот тушаал, баяр наадмын бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөгөөний дагуу 400 албан хаагч, явуулын 2 лабораторитойгоор Хүй 7 худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай гэсэн 5 газарт байнгын хяналт шалгалт хийж ажиллана” гэлээ.

 

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан "Үндэсний баяр наадмын өдрүүдэд онцгой байдлын алба хаагчид 2019 оны долоодугаар сарын 9-15-нд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Ингэхдээ хяналт шалгалтын ажлыг 9-10-нд зохион байгуулж, 11-13-нд эргүүлийн ажил хийгдэнэ” гэж мэдээллээ.

 

МХЕГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнд нийт 400 цэгт хуушуур болон хоол худалдаалах зөвшөөрөл олгох аж. Харин хүй долоон худагт 300 гаруй зөвшөөрөл олгоно. Энэ жил хоолны буюу хуушуурын зөшөөрлийг хувь иргэнд бус зөвхөн аж ахуйн нэгжид олгох юм байна.

 

Учир нь хүнсний аюулгүй байдал болоод хариуцлагын асуудлыг бодолцож эл шийдвэрийг гаргасан аж.

 

Хуушуурны буюу хоол үйлдвэрлэлийн зөвшөөрлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд 20000, Хүй долоон худагт 15000  төгрөгөөр олгодог.

 

Нийтийн тээврийн газраас баяр наадмын өдрүүдэд нийт 93 чиглэлд 637 автобус үйлчлэх зохицуулалтыг хийсэн байна. Шөнийн тээвэрт гурван чиглэл гаргажээ.

 

Мөн 606 такси нийтэд үйлчлэх нь. Түүнээс гадна гурван чиглэлд үнэгүй автобус үйлчлэх гэнэ. Баяр наадмын өдрүүдэд Амгалан өртөөнөөс, Давааны өртөөнөөс Рейлбус явахаар болжээ. Давааны өртөөн дээр буусан иргэдийг Хүй долоон худаг руу зөөх автобусыг мөн рейлбусны ирэх цагтай уялдуулж, үйлчилгээнд гаргаж байгаа юм байна. Иргэд Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хүй долоон худаг руу 1000 төгрөгөөр зорчих зохицуулалтыг бас хийжээ.

 

И.Сарангоо

Shuud.mn
Сонин хачин