ДОМГООС АМИЛСАН ДОЛООН ХАУС

Ерөнхий сайд асан С.Баярын "Жаран хоног-"Жаран"-ы бутархай" номыг Нэпко хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ. Дурсамж, дурдатгал, баримтат уран сайхны энэхүү номын "Жаран хоног" хэмээх нэгдүгээр хэсгээс уншигч та бүхэнд хүргэж байна. Энэ хэсэгт тэрбээр хорих 461 дүгээр ангид өнгөрүүлсэн 60 хоногийн тухай бичжээ.
ДОМГООС АМИЛСАН ДОЛООН ХАУС
2018 оны 04 дүгээр сарын 15
Урт хонгилын хаана нь радио байрлуулсан юм бол. Тэр нь байдгаараа хангинан цуурайтна. Босох цаг. Төрийн байгууллагын шинэ өдөр төрийн дууллаар эхэлдэг бол, хоригдол хүний шинэ өдөр угаалгаас эхэлнэ. Цоргоноос ус дусах төдий. Бодвол, олон хүний зэрэг босч, бүх камерт угаалга нэгэн зэрэг эхэлсэн учир усны хэрэглээ огцом нэмэгддэг биз. Нүүр гараа угаах гэж мунгинах зуур Өглөө шиг эх орон дуу радиогоор эгшиглэж эхлэхэд нь би зогтусав.
Энэ дууг 2008 оны сонгуулийн сурталчилгаанд зориулж телевизийн дэнжийн найз нар маань-Балхжав, Гүрбазар хоёр гавьяат-миний хүсэлтээр зохиож өгч билээ. Хожим хойно энэ удаа, энэ дууны клип нь олны шилдэг бүтээлээр шалгарсан. Клип хийсэн “Херо” студийн Баатар тэргүүтэй хэсэг уран бүтээлчид шагнагдав. Энэ дууны агуулга, зохиомжийг санаа болгосон намайг ч гэлээ “шилдэг продюсер” хэмээн цаасан малгай өмсгөн шагнаж байлаа. Цоглог, гэгээлэг энэ дуугаа энд, ийм орчинд сонсоно гэж бодож явсангүй. Сайхан дууг шоронд сонсохоор сэтгэлд гуниг улам хураад, онцгүй юм байна.
Энэ камерт анх орж ирээд нааран дээр хэвтэхэд халтар ханан дээр тосон балаар сарайлгасан “Хэний ч биш чиний л буруу” гэсэн бичээс байхыг олж харлаа. Шоронд орсон бол хохь чинь, заяа чинь гэсэн агуулгатай энэ үг намайг тэр мөчөөс эхлэн дарамтлаад ч байгаа юм шиг, өдөн хатгаад ч байгаа юм шиг...
Гэмт хэрэг үйлдсэн бол ялаа хөнгөлүүлэх, хугацаагаа хурдан дуусгах талын юм бодож хэвтэхсэн. Гэтэл ял маань яг юу билээ? Эртээд болсон шүүх хурлын шийдвэрийг манай өмгөөлөгч авчирч өгөха биз. Тэндээс албан ёсоор надад яг ямар ял тулгаж буйг олж мэднэ.
Харин албан бусаар надад тулгасан ял бол тодорхой. Оюутолгойн гэрээ байгуулахдаа гадны компаниас авлига авсан. Тэгээд тэр авлигаараа Америкт долоон хаустай болсон. Сүүлийн хэдэн жил надтай холбож шуугиалсан үндсэн хоёр сэдэв бол энэ. Энэ хоёр сэдвийг сэвэх, түгээх гэж сурталчилгааны том том машин, том багууд ажилласан. Энэ ухуулга сурталчилгаа гаарсаар миний “албан бус” ял болгон надад наах гэж их л зүтгэж мэрийцгээсэн.
“Албан бус” ял нь яван явсаар ”албан ёсных” болоод, эцсийн дүндээ намайг энэ төмөр нааран дээр хэвтүүлжээ. Юу үнэн, тэр үнэн. Сонин гарчиглаж, телевиз үздэг хэн ч гэлээ энэ ухуулгат итгэхгүй байхын аргагүй болтол нь тархи угаасан. Худлаа зүйлийг мянга давтвал үнэн болдог гэсэн онол бий. Яг энэ онолын дагуу сурталчилгаа явсан.
Эхэндээ би үүнийг нь тоохгүй яваад байлаа. Дараа нь шуугиад унахаар нь тодруулга хийж, “Долоон хаус биш. Арван жилийн хугацаанд арав гаруй байшин борлуулсан юм билээ. Энэ бол бизнес. Миний охид, миний найз хамтраад бизнес хийж болохгүй гэж үү” гэсэн утгатай ганц нэг ярилцлага хүртэл өглөө. “Ил тод бизнес, ил тод бүртгэлд ордог. Шилэн данстай гадны том компаниас би нууцаар авлига авч дөнгөсөн гэж бодъё. Энэ зургийн ухаан сийлж чадсан юм бол данс бүртгэл нь ил байдаг хуультай газар долоогийн долоон хаус авахгүй байх ухаан надад дутна гэж үү...Бод доо” хэмээн асуулт асуусан сэтгүүлчийг даапаалж, хошигнож хүртэл байлаа.
Гэтэл хав хар пиар, сөрөг сурталчилгааны хүнд машин техник нь бүрэн хүчин чадлаараа, жилийн дөрвөн улирал, хоногийн хорин дөрвөн цаг ажилласаар л. Бүдүүн тоймын гүтгэлэг байнга үйлдвэрлэн тогтмол түгээдэг тэр том том машины эсрэг эрүүл ухаан, логик гаргалгаанд найдсан над шиг явган зорчигч ганц нэг тайлбарлаж яриад, хошигнож даапаалаад нэмэр багатай юм билээ.
Хэвлэл мэдээллээр хийж байсан ухуулга шат ахиулж, УИХ-ын гишүүний ам ашиглан намайг гүтгэж эхлэхэд нь хууль шүүхийн байгууллагаар шалгуулъя гээд өргөдлөө өглөө. Тэр эхэндээ шалгасан болж царайлаад, үнэндээ бол гурван жил огт хөдөлсөнгүй. Тэгснээ сая гэнэт “цагдан хорино” гээд намайг энд суулгав. Хөгийн юм хийж байна гэдгээ тэд өөрсдөө ч мэдэж байгаа. “Шалгуулъя” гээд ирснийг нь бариад хорьчихдог. “Шалгуулахгүй” гээд тийчигнэснийг нь зоргоор явуулаад, зөнд нь орхидог. Аавын хүү, адилхан иргэдээ алагчилдаг хууль хүчний ийм байгууллагатай болсон юм байх даа, Монгол Улс маань...
Үргэлжлэл бий...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ