БАГТРААНЫ ЗОЛИОС

Ерөнхий сайд асан С.Баярын "Жаран хоног-"Жаран"-ы бутархай" номыг Нэпко хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ. Дурсамж, дурдатгал, баримтат уран сайхны энэхүү номын "Жаран хоног" хэмээх нэгдүгээр хэсгээс уншигч та бүхэнд хүргэж байна. Энэ хэсэгт тэрбээр хорих 461 дүгээр ангид өнгөрүүлсэн 60 хоногийн тухай бичжээ.
БАГТРААНЫ ЗОЛИОС
2018 оны 04 дүгээр сарын 26
Шөнө багтраа дахин хөдлөв. Агаар дутагдан ангалзаад, амь тавихдаа тулав. Харгалзагч нар утсаараа ярьж, ийш тийш гүйлдэж байснаа намайг эмнэлгийн өрөөнд яаралтай орууллаа. Жижүүрийн эмч нь аахилсаар орж ирж байна. Ам руу вентолин хэд сайн шахсан ч нэмэр болсонгүй. Би түүнээс аврал хайн “яг боох нь...нэг тариа байдаг...хоолой тэлдэг...тэр байна уу...бушуу шахаач” гэж гуйлаа.
Жижүүрийн эмч гарч гүйгээд удалгүй эргэж ирээд, эуфиллин гэх тариа дуслаар хийлээ. Хэсэг хугацаа өнгөрөхөд бие тавирч, цээж онгойн, амьсгал овоо жигдэрч байна. Энэ муу астмын онцлог нь амьсгал хүчлэн авлаа ч бүрэн гаргаж чадахгүй амь тэмцээд, сандраад эхэлдэг. Агаар дутмагц зүрх савлаад бүр хэцүүднэ. Бушуухан тариа хийлгэж, амьсгалаа жигдлэхгүй л бол мажийх энүүүхэнд байдаг онцгүй өвчин. Тоохгүй яваад байсан багтраа маань толгойд гарч, боолчилдог болох нь.
Тариа хийсний дараа намайг эмнэлгийн тэр өрөөнд хэсэг хэвтүүлж, тэнхрүүлэв. Дараа нь бие суларсан амьтан хонгилын хана түшисхийн явж байтал тэр давхрын нэг камерын төмөр сараалжны цаана бүрэнхийд танил царай хальт харагдах шиг боллоо. Би зогтусав. Сайханбилэг шиг харагдах юм. Мөн үү?
Сайханбилэг мөн байна. “Та яасан бэ? Зүгээр үү?” гэж тэр асууж байна. Хариу хэлэх гэтэл ард явсан харгалзагч “харьцаж болохгүй” гэж зандарч байна. Би гараа өргөж даллахаас өөр яаж ч чадсангүй, цааш хөдлөв. Сайханбилэг бид хоёр энд нэг өдөр хүргэгдэж ирсэн гэж өмгөөлөгч маань хэлсэн. Тэрнээс хойш сураггүй байгаад одоо л бие биеэ олж харж байгаа маань энэ. Энэ улсын Ерөнхий сайд явсан хоёр эр шөнө дөлөөр шоронгийн хүйтэн хонгилд бараа бараагаа ийн хальт харах тавилантай байж.
Сайханбилэг бид хоёр эрүүгийн нэг хэргээр, нэг өдөр энд суусан гэсэн. Гэтэл хоорондоо долоо, найман жилийн зайтай засагласан бид хоёрыг эд нар яаж хамаатуулж, нэг хэргээр яаж холбож байгаа юм бол оо. Сайханбилэг миний танхимд, би түүний танхимын бүрэлдэхүүнд орж байгаагүй. Манай Засгийн газар түүнд, түүний Засгийн газрын шийдвэр надад хамаагүй л баймаар юм. Бид хоёрыг холбож болох сэжүүр бол Оюутолгой гэх сэдэв л юм...Оюутолгойн сэжүүрээр толгой холбогдсон хоёр “баагий” юм биз дээ...
Үргэлжлэл бий...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ