Түрээсийн орон сууцанд хамруулах шинэ журам
2019-07-05

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаар Түрээсийн орон сууцанд хамруулах журмыг хэлэлцэн баталлаа.

 

Энэхүү журамд тусгаснаар түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулах аж.

 

Ингэхдээ түрээсийн орон сууцны нэг ам.метрийн үнийг сарын 6000 төгрөгөөр тооцож, гурав хүртэлх жилээр түрээслүүлэхээр тусгасан байна. Тэгвэл түрээслээд өмчлөх иргэдийн хувьд нийт тав хүртэлх жилийн хугацаанд түрээслээд өмчлөх боломжтойгоор тусгаж өгчээ.

 

Иргэдийн зүгээс түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн цахим мэдээллийн санд хүсэлтийн хамт ирүүлэх бөгөөд үүндээ иргэний үнэмлэхийн хуулбар, гэр бүлийн гишүүний хамт ТҮЦ машины тодорхойлолт, орлого тодорхойлох баримт бичиг зэргийг хавсаргах юм. Орлого тодорхойлох баримтад нийгмийн даатгалын болон тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн орлого нотлох баримт зэргийг оруулж байгаа юм. Мөн өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, залуу гэр бол гэрлэлтийн лавлагаа, ахмад настан бол тэтгэврийн дэвтрийн хуулбар, гачигдалтай иргэн бол гамшгаас хамгаалах төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, акт, тухайн дүүргийн тодорхойлолт зэргийг мөн бүрдүүлэх ёстой юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухайд халамжийн дэвтэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт бүрдүүлэх бол өрх толгойлсон эцэг, эхийн тухайд өрх толгойлсон болохыг нотлох баримт бүрдүүлэхээр тусгажээ. Тэгвэл 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш насны хүүхэдтэй гэр бүлийн тухайд хүүхдүүдийн гэрчилгээ холбогдох баримт бичгийг бүрдүүлэхээр журамд тусгажээ.

 

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн иргэдийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа нийслэлийн засаг даргын захирамжаар сонгон шалгаруулах комисс байгуулах бөгөөд тус комисс нь сугалаа болон эрэмбэлэх хэлбэрээр шаардлага хангасан иргэдийг сонгон шалгаруулахаар тусгасан байна. Ингээд сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг үндэслэн орон сууц  түрээслэх эрх нь баталгаажсан иргэдэд НОСК-аас түрээсийн батламж олгох юм. Батламж авах эрхтэй болсон иргэн эхний сарын түрээсийн төлбөр, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон гурван сарын түрээсийн зардалтай тэнцэх хэмжээний барьцаа төлбөр төлөх юм. Ингэснээр төлбөр төлсөн иргэн, НОСК хоёр түрээсийн гэрээ байгуулснаар эрх нь баталгаажих юм.

 

Түрээсийн орон сууцыг олгохдоо тодорхой хуваарилалтын дагуу олгох бөгөөд залуу гэр бүлд 20 хувь, төрийн албан хаагчдад 25 хувь, хувийн байгууллагын ажилтнуудад 20 хувь, 18 хүртэлх 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд 5 хувь, өор толгойлсон эцэг эхэд 5 хувь, өндөр настан тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад 5 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлд 50 хувь, гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 5 хувийг олгохоор квот тогтоогоод байгаа аж.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
Enhbold Munhzul:
Vneheer bolomjiin sanal dewshvvlj bgaa ta bvgdedee bayrlalaa manaih am bvl 4udahgvi shine hvnee olgiidoj am bvl nemj bgaa zaluu ger bvl 2dahi hvvhed maani torhdoo tarhinda harvalt ogj ulmaar hel yria dood mochinii saajilttai vnetei em taria hergeldeg bolhoor eejiinhee hayand olon jil bolson nuhur maani sain tsalintaich banknii lizing 8/hamragdaj chaddaggvi vneheer blmj oldoh yum bol hamragdmaar bnaa ta bvhen maani bolomj olgooroi chdhaaraa sain tolood ooriin gsn yumtai blh chin setgel ermelzeltei zaluu eej aaw bnaa
2019-07-07
bold:
bairshil n haana yum bol?
2019-07-06
ИРГЭН:
20+25+20+5+5+5+50+5=165% ойлгосонгүй
2019-07-05