Г.Занданшатар: Цэгцрэх хөдөлгөөн Монгол Улсыг хөгжил дэвшилд хөтөлнө
2019-07-05

 

Бидэнд буцах зам байхгүй 

10:50 цаг: 

УИХ-ын хаврын ээлжит чуулган хаалтаа хийлээ. Хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Тиймээс Хаврын ээлжит чуулган цаг сунган хуралдсан билээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг тасралтгүй үргэлжлүүлэх хуулийн заалттай. Тиймээс үргэлжлүүлэн УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийг хийлээ. УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт 59 гишүүний ирцтэйгээр эхэлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.  Тэрбээр:

 

-УИХ-ын гишүүд та бид түүхэн үүргээ гүйцэтгэж байна. Нийгмийн захиалгыг биелүүлэх нь та бидний журамт үүрэг. Ардчилсан Үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэж, бахархам амжилт авчирсан. Нийгмийн эмх замбараагүй байдлыг цэгцлэх ажлыг бид эхлүүлж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг гурван парламент дамжин 10 гаруй ажил бэлтгэж ирсэн. Бидэнд буцах зам байхгүй. УИХ-ын гишүүн бүр идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. 27 жилд 13 Засгийн газар сольж, тогтворгүй, хариуцлагагүй, гажуудсан төрийн тогтолцоонд засвар хийж алдаагаа ухаарах цаг болсон. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхдээ ард иргэдийн саналыг сонсож, судалсан. Улс  төрийн 15 нам дэмжиж, эв санааны нэгдлээ илэрхийлсэн. МАХН-аас тодорхой санал ирүүлсэн. Тухайлбал, байгалийн баялгийг ард түмний өмч болгоё гэсэн санал ирсэн.  Ерөнхийлөгч болон АН-аас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа удахгүй ирүүлнэ гэж итгэж байна. 

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд ажлын хэсэг байгуулж, саналаа нэгтгэж байна. УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах, хариуцлагыг сайжруулах, байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх зэрэг саналыг төсөлд тусгаж байгаа. Ард иргэд, эрдэмтэн судлаачдаас ирүүлсэн саналыг бид судалж байна. Цэгцлэх асуудал их байна. Цэгцрэх хөдөлгөөн Монгол Улсыг хөгжил дэвшилд хөтөлнө. Цэгцэлж чадах хүч ухаан монголчуудад байгаа. Цэгцрэх цаг, сонголт та бидэнд ногдож байна. Тиймээс  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нэн хариуцлагатай хандахыг та бүхэнд уриалж байна. УИХ-ын ээлжит бус чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье гэлээ. 

 

Ийнхүү УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан өндөрлөлөө. 

 

Г.Занданшатар: Ард түмэнтэйгээ хамтран шийдвэр гаргах нь бидний зорьсон парламентын  шинэчлэл

 

 

10:35 цаг

 

УИХ-ын хаврын ээлжит чууулган хаалтаа хийлээ. Хуралдааны эхэнд батлагдсан хуулиудын эцсийн найруулгыг сонслоо. Дараагаар нь УИХ-ын дарга хаврын ээлжит чуулганы хааж үг хэлэв. Хаврын ээлжит чуулган ажлын 66 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 24 удаа 178 удаа хуралдаж, 118 асуудлыг хэлэлцжээ. Нийт 99 хууль, УИХ-ын 44 тогтоол баталсан байна. Өнгөрсөн намрын чуулгантай харьцуулахад батлан гаргасан хууль 50 гаруй хувиар нэмэгджээ. УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-Хаврын ээлжит чуулганы хугацаанд шинэ дэвшил гарлаа. Ирц бүрдэхгүй байх асуудал энэ чуулганы хугацаанд багаслаа. Гишүүд хурууны хээгээр саналаа өгдөг болсноор гишүүд хууль тогтоох ажилдаа хариуцлагатай ханддаг боллоо. Гишүүд ирцээ бүрдүүлж, хуралдаан цагтаа эхэлдэг болсон. Гишүүд хэлэлцэж байгаа хуулиудын төслийн талаар иргэдтэй  санал солилцдог болж, нийтийн сонсголыг хийдэг боллоо. Энэ бол бодит үр дүнтэй ажил юм. 

 

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг сонсгол зохион байгууллаа. Ард түмний төлөө парламент ард түмэнтэй хамтран шийдвэр гаргах нь бидний зорьж буй парламентын шинэчлэлийн нэг хэсэг юм. 

 

Нийгэмд шударга ёс тогтоох, эрүүдэн шүүлтээс ангид байх иргэний эрхийг хангахад анхаарч ажиллалаа. Үнэ  ханшийн тогтвортой байдлыг хангах мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, төсвийн сахилга батыг хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд үндсэн зорилтууд нь чиглэсэн хууль тогтоомжуудыг баталлаа. 

 

Эрхэм гишүүд ээ УИХ-ын 2019 оны хаврын чуулган хаасныг мэдэгдье хэмээлээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
үүү:
Өөрийн чинь төрсөн эгч Г.Батцэцэцгээс эхлээд төрийн ажлыг замхруулж байхад яаж хөгжил дэвшил ирэх юм вэ? Ингэж дүр исгэж, худлаа ярихаа боль. Эгч дүү хоёр ядахдаа ичих булчирхайтай байгаач
2019-07-05