Учиртай гурван өндөрлөг

Ерөнхий сайд асан С.Баярын "Жаран хоног-"Жаран"-ы бутархай" номыг Нэпко хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ. Дурсамж, дурдатгал, баримтат уран сайхны энэхүү номын "Жаран хоног" хэмээх нэгдүгээр хэсгээс уншигч та бүхэнд хүргэж байна. Энэ хэсэгт тэрбээр хорих 461 дүгээр ангид өнгөрүүлсэн 60 хоногийн тухай бичжээ.
Учиртай гурван өндөрлөг
2018 оны 05 дугаар сарын 05
Хууль хяналтын байгууллагад дээрээс дохио өгөх боломжтой, эрх мэдэлтэй гурван хүн бий. “Төрийн гурван өндөрлөг”, “учиртай гурван толгой” гэдэг хэд маань. Тэр гурвын хоёр нь нэг намын журмын нөхөд маань. УИХ-ын дарга М.Энхболд, Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр.
Журмын нөхдөө хардаж сэрдэх муухай. Гэхдээ энд ороод элдэв юм бодож суугаа хүн сайхан, муухай бүх л хувилбарыг бодох, нягтлах ёстой. Намын үйл хэргийн төлөө зүтгэхдээ тэр хоёртой гар, сэтгэл нийлж явсан. Салж сарниж байсан удаагүй. Ажил, амьдралын жижиг сажиг юман дээр сайдаж муудах, эвлэж эвдрэлцэх юм гарч л байлаа. Тэр бол юу ч биш. Үндсэн сууриараа бид гурвын харьцаа эрүүл явж ирсэн, эрүүл үлдсэн гэж боддог.
Энэ хоёр нөхөртэй алба ажлын шугамаар дарга цэргийн зарчмаа барьж, амин харилцаан дээрээ ах дүү шиг явж ирсэн түүхтэй. Хүүк цэргийн хүний түс тас шулуундуу зантай, огцом хөдлөх гээд байдаг нөхөр. Үүнийг нь хэлэхээр “Тэгж яривал та бид хоёр хоёулаа бич жилтэй, хоёулаа огцом” гэж хариу барина. Миеэ нь илүү тэвчээртэй, илүү олон нугалаастай, нэг алхах гэж гурван өдөр бодно. Түүнтэй ойртож, ойлголцох нь удаан, харин нэгэнт дотноссон хүндээ тэр учиргүй сайн. Энэ хоёр хамтраад зүтгэвэл бие биенээ сайхан нөхнө дөө гэж бид хэд хоорондоо ярьдаг байлаа.
Гэтэл тэр хоёр нөхөр хоорондоо айхтар муудсан бололтой. “Бид хоёр бол хар багаасаа үерхсэн, хал бал үзсэн, жинхэнэ андын харьцаатай хоёр шүү дээ” гээд л яваад байсан. Тэр хоёрыг эвлэрүүлэх гэж би, бид хэд аргаа барсан. Тэр хоёрыг гэхээсээ намаа бодож зөрчил, маргааныг зохицуулах гэж зөндөө оролдсон. Аргадаж, аашилж янз янзаар л үзсэн. Бүтээгүй.
Тэр хоёрын харьцаа эхнээсээ хулхи байсан уу,үгүй бол анд нөхдийн харьцааг эвдэх айхтар том шургаа орсон уу. Тэр хоёр бие биенийхээ тухай сонсох, бие биенээ ойлгох бодол, хүсэлгүй болтлоо муудсан, хоорондоо атаат дайсан шиг болж ирсэн нь анзаарагдсан. “Өчигдрийн анд шиг өст дайсан үгүй” гэж үнэн. Нэгэнт хага үсэрсэн аяга бүтэн болдоггүй шиг нэгэнт алдарсан итгэл сэтгэл хоёр эргэж ирдэггүй бололтой.
Гэхдээ тэр хоёр хоорондоо муу боллоо гээд надад муу болоогүй байлгүй дээ. Миний мууг үзэх гэсэн хувь, хувьсгалын ямар нэгэн учир шалтгаан тэр хоёрт байх учиргүй. Тэгэх тусмаа Оюутолгойн гэрээтэй холбож яллана гэдэг нь улс төрийн талаасаа бол аль алинд хохиролтой тусна. Учир нь энэ гэрээг байгуулах улс төрийн шийдвэрийг манай намын их, бага хурлаар гаргаж, тэр хоёр хоёулаа энэ ажилд хамтран зүтгэж, идэвхтэй оролцож ирсэн.
Нөгөөтэйгүүр нэг нь Ерөнхий сайд байсан, нөгөө нь одоо байгаа нөхцөлд Оюутолгойн гэрээг “ялын төлөвлөгөө” болгох нь улсын эдийн засаг, гадаад харилцаанд хохиролтой гэдгийг хэнээс ч илүү сайн мэдэх хоёр. Тэгэхээр, яаж ч бодсон миний энд сууж байгаа нь журмын нөхөд М.Энхболд, У.Хүрэлсүх нартай холбоогүй болж бууж байх шиг. Ухаан бодлын логик ёсоор тэгж гарч байна. Улс төрд олон жил шогшсон хөгшин чонын мэдрэмж маань ч үүнийг нотлоод байх шиг.
Үргэлжлэл бий...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ