Зургаан настай охин нүхэн жорлонд унаж нас баржээ


Гэр бүлээрээ амарч явсан зургаан настай охин нүхэн жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга баг дахь “Аварга тосон” рашаан сувиллын газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ “Эвтэй дөрвөн амьтан” амралтын газар эмээтэйгээ амарч явсан М /6 настай, эмэгтэй/ 07.06-ны өдрийн 19:40 цагийн орчим тус амралтын газрын тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлага 2019.07.07-ны өдрийн 10:45 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн газрын 4 алба хаагч, 1 автомашин, Жаргалтхаан сумын Цагдаагийн хэлтсийн 3 алба хаагч, 1 автомашин, Дэлгэрхаан сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, 1 автомашин, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 21 иргэн, 6 автомашин, 3 мотоцикл, ар гэрийн 4 хүн, 1 автомашин, нийт 54 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:05 цагт тус амралтын газраас баруун урд зүгт 60 метрийн зайтай нүхэн жорлонгоос М-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Баяр наадмын үеэр болон олон хоногийн амралтын өдрүүдэд эцэг эхчүүд үр хүүхэддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ