Гүрж: Путиныг телевизээр доромжилсныг эсэргүүцэн жагсжээ 
13 өдөр

 

Гүржийн “Рустави 2” телевизийн сувгийн сэтгүүлч Георгий Габунии ням гаригт “P.S” зохиогчийн хөтөлбөрөө эхлэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг харааж, доромжилсон утгатай үг хэлжээ. 


Харин үүнд дургүйцсэн Тбилиси хотын олон зуун иргэн телевизийн байрны гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. 


Риа новости агентлагийн мэдээлснээр, ням гаригийн шөнө хотын иргэд телевизийн байр руу шүүр, өндөг, лонх шидэн хөтлөгчийг халж, ерөнхий захирал Нику Гварамияг огцруулахыг шаарджээ. 


Энэ явдлын дараагаас телевизийн суваг эфирээ түр хаасан бөгөөд энэ нь Дотоод хэргийн яам сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангаж чадаагүйтэй холбоотой гэж телевизийн цахим хуудас дээрх мэдэгдэлд онцолсон байна. Энэ мэдэгдэлд, эмх замбараагүй байдлын үеэр  хэд хэдэн телевизийн ажилтан руу халдсан гэдгийг онцолжээ. 


Өмнө нь тус телевизийн захирал хөтлөгчийнхөө үйлдлийг тайлбарлахдаа, түнүий үзэл бодолтой санал нэг байгаа ч шууд эфирт хараалын үг хэрэглэх нь зүй бус хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийлж байв. Улмаар тус телевиз сэтгүүлчийнхээ зүй бус үг хэллэгийн төлөө албан ёсоор уучлалт гуйсан юм. 


Мөн Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили, Ерөнхий сайд Мамука Бахтадзе, Парламентын тэргүүн Арчил Талаквадзе нар ч сэтгүүлчийн гаргасан үйлдлийг шүүмжилсэн байна. 


Эргэн сануулахад, зургаадугаар сарын 20-ны өдөр Оросын Төрийн думын гишүүн Сергей Гаврилов  Парламент хоорондын чуулганы Ерөнхий ассамблей дээр ирснийг эсэргүүцсэн сөрөг хүчнийхэн жагсаал зохион байгуулж, улмаар олон мянган хүний бүрэлдэхүүнтэй жагсаал эмх замбараагүй байдалд шилжсэн юм. Цагдаагийнхан жагсагчдыг нулимс асгаруулагч хий, резинэн сум, усан буу ашиглан тараасан бөгөөд  240 хүн гэмтэж бэртсэн байна. 


Энэ үйл явдлыг “Оросын эсрэг өдөөн турхирсан хэрэг” гэж үзсэн ОХУ Гүржтэй харилцах агаарын харилцаагаа энэ сарын наймны өдрөөс эхлэн таслах шийдвэр гаргасан. 


Энэ нь Оросоос голчлон жуулчид хүлээн авч, аялал жуулчлалын салбартаа ихээхэн орлого олдог гүржүүдийн хувьд хүндээр туссан юм. Тиймдээ ч өчигдөр болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр Тбилиси хотын иргэд “Путиныг хараагаад байхаар Оросоос хэн биднийг зорьж ирэх юм” гэж хашгиралдаж байсан гэнэ. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Юун бялдууч юм
2019-07-10
Энэ гүржүүд оростой хөлд нь суугаад, ногооныг нь сааж байхын оронд мунхаглаад бүр юуч үгүй боллооо
2019-07-08
Зочин:
Биднээс ялгаа байна уу. Хятадуудын хөлд сууж ногооныг салгаад байх боломжоо ашигладаггүй